Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ууганбаяр: 54 ангиллын визийг цахимаар олгодог болсноор гадаадын иргэд Монголд ирэх үйл явцыг хялбаршууллаа

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаадын Иргэн, Харьяатын Газар/ГИХГ/-аас “Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ оны есдүгээр сарын 10-ны өдрөөс визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдээд байгаа юм байна. 

Энэ талаар ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр "Өмнө нь Монгол Улсыг зорин ирж байгаа гадаад улсын иргэд элчин сайдын яаманд очиж уламжлалт байдлаар виз мэдүүлэх цагаа авна, мэдүүлнэ гээд их хугацаа зарцуулдаг байсан байдлыг өөрчилж ГИХГ-аас олгож байгаа нийт 54 ангиллын визийг цахимаар олгох Засгийн Газрын шийдвэр гараад хэрэгжүүлээд явж байна. 

Монгол Улсад зорчиж хөрөнгө оруулалт хийх, хөдөлмөр эрхлэх, суралцах гэж буй оюутнууд, гэр бүлийн шугамаар ирж байгаа зэрэг 54 ангиллын визийг цахимаар мэдүүлээд хариугаа цахимаар авдаг үйл явц руу шилжлээ. 

2021 оноос хойш аялал жуулчлалын, дамжин өнгөрөх, спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох визийг цахимаар олгож ирсэн. Уг тоон үзүүлэлт жилээс жилд өсөж байгаа. Тухайлбал 2023 онд аяллын зорилгоор 36,000 гаруй иргэн цахим виз авч байсан бол энэ жилийн аравдугаар сарын байдлаар 74,000 иргэн цахимаар виз авч нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Цахим болсноор гадаад улсын иргэд манай улсыг зорин ирэх үйл явц амар хялбар болж байна. Энэ жилээс эхлэн манай байгууллагын бүх үйл ажиллагаа цахимаар явж байгаа" гэв. 

ГИХГ нь үйлчилгээ цахимжсанаар гарсан өөрчлөлт: 

  1. Өдөрт 520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан бол 5-8 иргэн болж буурсан. 
  2. 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 900-1,100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгдсэн.
  3. Үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийдвэрлэдэг байсан бол гурав хүртэл хоногт багтаан шийдвэрлэдэг болсон.
  4. Ирж очих замын түгжрэлд 3-4 цаг зарцуулдаг байсан бол цахимаар хүсэлтээ илгээхэд 30 минут болно.  
  5. Шийдвэрлэгдсэн эсэхийг биеэр ирж тодруулдаг байсан бол үйлчилгээний хүсэлтээ цахимаар хянадаг болсон. Шийдвэрлэлтийн дараа мэдэгдэл очно.