Уншиж байна ...

Хүний нөөцийн хомсдолын шийдэл, гарц гаргалгааг эрэлхийлсэн “Mongolian Labor Market Summit 2024” амжилттай зохион байгуулагдлаа

ikon.mn
Өчигдөр 9 цаг 59 минут
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын хөдөлмөрийн зах зээлд нүүрлээд буй хамгийн том бэрхшээл болох ажиллах хүчний хомсдол, байгууллагуудад тулгамдаад буй ажиллах хүчний дутагдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байгаа билээ. Харин энэ асуудалд олон талын төлөөллийг оролцуулан хэлэлцэж, шийдлийг олохоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зангиа Портал ХХК (Zangia.mn) болон Нито Плас ХХК (Nitopay) хамтран "Mongolian Labor Market Summit 2024" буюу Монголын хөдөлмөрийн зах зээлийн дээд хэмжээний чуулга уулзалтыг өнгөрөгч баасан гарагт буюу 9-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Улсын хэмжээнд “Мега” төслүүд эхлэхэд бэлэн болж, зах зээл тэлэхийн хэрээр олон компаниудад ажлын байрууд шинээр үүсэж, хүний нөөцийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа хэдий ч (Zangia.mn платформ дээр 20,000 гаруй нээлттэй ажлын зар байна) Их Дээд сургуулиудаас бэлтгэгдэн гарч ирж буй шинэ ажиллах хүчнийхний чадвар илт дутагдахын зэрэгцээ чадварлаг боловсон хүчин нь мянга мянгаараа гадагшаа гарч байгаа нь Монголд ажиллах хүчний дутагдлыг урьд өмнө нь байгаагүй их хэмжээгээр үүсгэлээ. Хувийн хэвшил, төр, яамд гэх мэт бүх аж ахуй нэгжүүдэд хүний нөөцийн хомсдол маш ихээр үүсээд 2 жил гаруй болж байна. Гэтэл бид хүнээ хөгжүүлэх, ажилтнаа бэлтгэх тал дээр огт анхаарахгүй орхисноос болж  Монголын ажиллах хүч хурдтайгаар шавхагдаж, цаашлаад эдийн засгийн өсөлт зогсоход хүрээд байна.

зураг
 

Улсын хэмжээнд учраад буй хүний хомсдол, чадварлаг ажиллах хүчний дутагдлын асуудалд зүй ёсоор хандаж, шийдэх зорилготой "Mongolian Labor Market Summit 2024" арга хэмжээг нээж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "Хүний нөөцийн асуудлыг сүүлийн үеийн хамгийн тулгамдсан, халуун сэдэв болоод байгаа, түүнчлэн манай улсын нийт хүн амын 2.1 сая нь хөдөлмөрийн насных боловч ажил, хөдөлмөр эрхэлдэг 1.2 сая хүн байгааг онцлоод ирэх 4 жилд засгийн газрын зүгээс 14 мега төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хамгийн том тулгарч буй асуудал нь ажиллах хүчний нөөцийн асуудал байгааг дурдаад үүнийг шийдэхийн тулд төр болоод хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа" хэмээн дурдлаа.

зураг
 

Мөн арга хэмжээг нээж Зангиа Портал ХХК-ийн Үүсгэн байгуулагч, захирал Б.Түвшинтулга манай улсад ажиллах хүчнээ бэлтгэх явц, ажилтан олох явц маш муу байгааг олон улсын статистикийн үзүүлэлтээр харуулж танилцуулахдаа “2023 оны Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа”-ны тайланд тусгагдсанаар Монгол улс боловсролын чанарын үзүүлэлтээр 134 орноос 110-т, ажилтны хөгжлийн үзүүлэлтээр 134 орноос 88-т, чадварлаг ажилтны олдцын үзүүлэлтээр 134 орноос 133-т, дээд боловсрол ба эдийн засгийн уялдааны үзүүлэлтээр 134 орноос 122-т байгааг онцолсон байна.

зураг
 

Мөн дэлхийн банкны ахлах эдийн засагч Yang Huang өөрийн илтгэлийн үеэр ажлын байр хангалттай байх, иргэн бүр ажилтай байх нь эдийн засгийг хөдөлгөгч гол хүчин зүйл бөгөөд нийгмийн бусад асуудлуудыг ч шийдэх гол тулгуур юм гэдгийг онцлоод Монголын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүч бусад улсуудтай тэр дундаа зүүн Ази, Номхон далайн бүсийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй залуу байгаа боловч сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсын ажиллах хүчний нийлүүлэлт тэр дундаа эмэгтэй ажиллах хүчний нийлүүлэлт 6 хувиар буурсан, мөн шинээр бий болж буй ажлын байруудын цалин хөлс нь дундаж цалин хөлсний хэмжээнээс доогуур байгаа учраас ажиллах хүчин тэдгээр ажлын байруудыг сонгохгүй байгаа зэрэг хэд хэдэн асуудал байгааг дурдаад эдгээрийг шийдвэрлэхийн тулд ЖДҮ-үүдийн санхүүжилтийг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, логистикийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. 

зураг
 

Энэхүү чуулганд 1,500 гаруй Монголын бүх томоохон байгууллагуудын удирдлагууд, төлөөллүүд, засгийн газрын сайдууд, олон улсын болон салбарын экспертүүд хүрэлцэн ирж оролцлоо. Уг чуулганд оролцсон байгууллагуудаас дурдвал Голомт банк, Хаан банк, Таван Богд Фүүдс Пицца ХХК, Тэсо Групп, Грийн групп, Бишрэлт Групп, Моннис Групп, Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, АПУ ХК,  Сүү Хувьцаат Компани, Бодь Интернэшнл,  Цахиур ХХК, Монголиан Стар Дистрибюшин ХХК, Дижитал Концепт ХХК /GS 25/, Номин Холдинг ХХК, Монполимет Групп гэх мэт байгууллагуудын хүний нөөцийн захирлууд оролцож, энэхүү хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа талаар туршлага, санал бодлоо солилцлоо.

Уг чуулган нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба чуулганы үеэр хүний нөөцийн шинэ арга барил шилдэг туршлагыг бий болгон ажилладаг 11 компанийг шалгаруулж ирсэн билээ. Энэ жил 270 компани хүндээ ээлтэй, ажилтандаа хамгийн их анхаардаг компаниар шалгарахаар материалаа ирүүлж оролцсон ба үүнээс дараах компаниуд шилдгээр тодорлоо.

  • Diversity & Inclusivity – Тэгш хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч-Таван Богд Фүүдс ХХК
  • Career development – Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч – Нано Интернэйшнл ХХК
  • Family Supportive – Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч-МАК ХХК
  • Best for Youth – Залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогч- ТЭСО Групп
  • Best Culture – Шилдэг соёл бүхий ажил олгогч-Мизорн ХХК
  • Best Training – Сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч- Премиум Нэксус ХК, Интернэйшнл Медикал Сентер ХХК
  • Innovative management – Инновацилаг менежменттэй шилдэг ажил олгогч - Наашаа Тек ХХК
  • Leadership in HR Policy – Хүний нөөцийн бодлогоор манлайлагч шилдэг ажил олгогч- БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК
  • Best Career Progression for Women – Эмэгтэйчүүдийн карьерын өсөлтийг дэмжигч шилдэг ажил олгогч-Говь ХК
  • Employer Branding – Ажил олгогчийн шилдэг брэнд-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Mongolian Labor Market Summit 2024" арга хэмжээ нь “МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦ ШАВХАГДСАН УУ?”, “ХҮН ТӨВТ АЖЛЫН ОРЧИН БҮТЭЭХ НЬ”, “ШИЙДЭЛ БА ШИЛДЭГ ТУРШЛАГА” сэдвүүдийн хүрээнд 11 илтгэл, 3 панел хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Нэгдүгээр хэсэгт: МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦ ШАВХАГДСАН УУ?
  • Зангиа Портал ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Түвшинтулга - Ажиллах хүчний хомсдол ба нөлөө сэдвээр,
  • Хаан банкны хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба - Хөдөлмөрийн зах зээлийн сорилтыг даван туулж буй Хаан банкны туршлагаас сэдвээр,
  • Дэлхийн банкны ахлах эдийн засагч Yang Huang - Монголын хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй гол асуудал сэдвээр,
  • MMCG ХХК-ийн бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн - Монголын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

Хоёрдугаар хэсэгт: ХҮН ТӨВТ АЖЛЫН ОРЧИН БҮТЭЭХ НЬ

  • Боловсролын сайд П.Наранбаяр - Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт ба хөдөлмөрийн зах зээл сэдвээр,
  • НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, индексийн зөвлөх О.Саруул - Мэргэжлийн индекс-Ажиллах хүчний өрсөлдөх чадвар сэдвээр,
  • Премиум Нексус ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзориг - Хүн төвт ажлын орчин бүтээх туршлагууд сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

Гуравдугаар хэсэгт: ШИЙДЭЛ БА ШИЛДЭГ ТУРШЛАГА

  • Оюу Толгойн байгууллага ба хүмүүс хариуцсан ерөнхий менежер Melissa Shanjengange - Оюу Толгойн сайн туршлагууд сэдвээр,
  • Трансвест Монголиа ХХК-ийн сургалт хөгжлийн менежер Г.Чинзориг - Ирээдүйн ажиллах хүчнийг бэлтгэж буй туршлага сэдвээр,
  • Монполимет групп-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхнасан - Монполимет групп-ийн шийдлүүд ба шилдэг туршлагууд сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

Тус арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ардоур ХХК, Нано Интернэйшнл ХХК байгууллагууд оролцсон бол дэмжигч байгууллагуудаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Project Management Institute Mongolia, Зориг Сан, Монголын бизнесийн зөвлөл, Мэдээллийн хамтрагчаар Тэнгэр ТВ, Лимон Пресс Дижитал ХХК, Бизнес.мн хамтран ажиллалаа.

Фото: 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.