Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны ойг тохиолдуулан уламжлал ёсоор хоёр дахь жилдээ зохиогдсон Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
Аймаг, нийслэлийн анхан шатны тэмцээнд оролцсон нийт 1200 орчим тамирчнаас 120 гаруй шилдэг шатарчныг шалгаруулж оюун ухааныг нь уралдуулсан юм. Тэдгээрээс 96 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй шатарчид бөгөөд УИХ-ын харьяа төрийн байгууллагуудын албан хаагч 33, шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат 10 гаруй тамирчин байлаа.
Тэмцээнийг Дэлхийн болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явуулж, тамирчид нийт 9 өрөг тоглосны дараа эрэгтэйчүүдээс нийслэлийн шатарчин Б.Мөнхбаяр 8 хожилтойгоор аварга болж, алтан медаль, өргөмжлөл, нэг сая төгрөг, эмэгтэйчүүдээс Сэлэнгэ аймгийн Г.Номин 7 хожилтойгоор тэргүүлж, алтан медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөг тус тус хүртсэн юм.
Удаах байранд эрэгтэй шатарчдаас Говьсүмбэр аймгийн Г.Харуулбаатар 7,5 хожилтойгоор шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 800 мянган төгрөг, эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн шатарчин Т.Март 7 хожилтой шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 300 мянган төгрөг тус тус хүртэв.
Тэмцээний гуравдугаар байранд эрэгтэйчүүдээс нийслэлийн Д.Индэръяабүд шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөг, эмэгтэйчүүдээс нийслэлийн шатарчин Ж.Даваасүрэн шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 200 мянган төгрөг тус тус хүртлээ.
Түүнчлэн эрэгтэй шатарчдаас 4, 5-р байранд Сэлэнгийн Б.Алтантулга, нийслэлийн Б.Энхбаатар нар 7 хожилтой шалгарч өргөмжлөл, 300 мянга, 200 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртсэний дээр тэмцээний тусгай шагнал болох хамгийн шилдэг ахмад эрэгтэй шатарчнаар нийслэлийн Г.Саран-Эрдэнэ, харин хамгийн шилдэг ахмад эмэгтэй шатарчнаар Өмнөговийн Ц.Бадамсүрэн нар тус тус шалгарав.
Мөн энэ үеэр саяхан Арабын Нэгдсэн Эмирт Улсад болж өнгөрсөн Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн Б.Мөнгөнзул охинд УИХ-ын дарга З.Энхболд бэлэг дурсгалын зүйл, нэг сая төгрөг гардуулсны дээр Үндсэн хууль баталсны 22 жилийн ойг тохиолдуулан зохиосон шатрын тэмцээнд оролцогчдын хамтдаа авахуулсан дурсгалын зургийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарт гардуулсан юм.
“Энэ жил хүмүүсийн тоглолтын ур чадвар илт дээшилж, жил ирэх тусам сонирхогчын гэдэг ангилалдаа багтахааргүй болж байгаа”-г онцлон тэмдэглээд “Оюун ухааны спортыг дэмжих чиглэлээр бид цаашид УИХ-ын гишүүдээр дамжуулан ерөнхий боловсролын бүх сургуульд шатрын клуб байгуулах санаачилгыг ажил хэрэг болгож, сургууль бүрийг шатрын дугуйлан ажиллуулах шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төсөв мөнгөний асуудлыг шийдэж өгнө” гэсэн амлалтаа давтан хэлж, “Шатар сонихоргчдын хүрээ жил ирэх тусам улам өргөсөн тэлэх болтугай!” гэсэн сайхан ерөөлөөр УИХ-ын дарга З.Энхболд тэмцээнийг хаалаа.
Үндсэн хууль баталсны 22 жилийн ойг тохиолдуулан зохиосон шатрын тэмцээнд оролцогчдын хамгийн ахмад нь болох уг хуулийг батлалцаж явсан АИХ-ын депутат, 93 настай Ц.Лоохууз гуай тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Би энэ тэмцээнд 2 дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил бие муу байгаад сайн оролцож чадаагүй. Энэ жилийн хувьд бие гайгүй ч бэлтгэл базаахгүй, бас цагаар тоглодогт нь хавчигдаад шагналт байранд орж чадсангүй. Гэхдээ 2 өдрийн тоглолтонд бас ч үгүй 2 хожилтой шүү. Ах нь шинэ Засгийн газрын шинэлэг бодлого, шинэ уур амьсгалд их баярлаж яваа. Хойтон жилийн тэмцээнд заавал оролцож шагналт байранд орно гэж найдаж байна” хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|