Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймагт элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл өндөр байна

ikon.mn
2024 оны 9 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Хорт хавдар монголчуудын хамгийн том айдас, зовлон шаналал болоод буйг олон тоо баримт, статистик судалгаа харуулдаг боловч өөрт тулгараагүй л бол хол юм шиг ойшоодоггүй, анхаарч авч үздэггүй хандлага иргэдийн дунд байсаар байна. Үүнийг хорт хавдар туссан хүмүүсийн дийлэнх олонх нь хожуу үедээ оношлогдож, жил хүрэхгүй хугацааны дотор хорвоог орхиж байгаа харамсалтай тоо баримтууд гэрчилж буй.

ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 14 дэх жилдээ хэрэгжүүлэхдээ хорт хавдрыг эрт оношилж, илрүүлбэл бүрэн эдгэрдэг, сэргийлэх боломжтой өвчин гэдгийг иргэдэд ойлгуулахыг зорьж ирсэн билээ. Тус аяны багийнхан энэ хугацаанд Монгол орныг 3 удаа бүтэн тойрч ажилласан бөгөөд өнөө жил Баян-Өлгий, Баянхонгор аймгийг 4 дэх удаагаа зорьж очоод байна.

зураг
 

Баянхонгор аймагт өнөөдөр нээлтээ хийсэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы нээлтийн үеэр Хавдар судлалын үндэсний төвийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх “Монгол Улсад 2023 оны статистик мэдээгээр 7200 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлогдож, жилдээ 4000 гаруй хүн нас барж байна. Баянхонгор аймгийн хувьд хавдрын өвчлөл улсын дунджаас доогуур үзүүлэлттэй боловч жилд нас баралт болон хожуу оношлогдож байгаа үзүүлэлтээр улсын дунджаас дээгүүрт тооцогддог.

Тус аймагт жилд шинээр 173 хүн хорт хавдраар өвчилж, тэдгээрийн 77 хувь нь хожуу буюу 3, 4-р үе шатандаа оношлогдсон байна. Жилдээ 123 хүн нас барж байна. Тэгэхээр Хонгор нутагт эрт оношлох, эрт эмчлэх тал дээр хамтран ажиллахгүй бол болохгүй гэсэн дохиог бидэнд өгч байна. Элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр байна” гэв.

Тус аймгийн хувьд хорт хавдрын шалтгаант нас баралтад элэг 39.5%, ходоод 20.1%, улаанхоолой 2.4%, бөөр 3.2%, бүдүүн гэдэс 3.2%, бусад байрлалын хорт хавдар 31.5%-ийг тус тус эзэлж байна.

зураг
 

Аяны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, үзлэг оношилгоо хийх, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг олон үр дүнтэй ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг.

Өнгөрсөн хугацаанд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үр дүнд 134 мянга гаруй хүнд үзлэг хийж, хортой хавдрын 667 тохиолдол илрүүлсэн бөгөөд ХААН Банк 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлсэн нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсны дээр мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн сайн түншлэлээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нийгэмд бодитой өөрчлөлт авчирсан сайн жишээ болж буй.

зураг
 

Иргэд та бүхэн хорт хавдраас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдан, сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлаас татгалзаарай.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.