Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барих ажил эхэлжээ. Нийслэлээс гаргасан бондын санхүүжилтээр бүтээн байгуулалтыг “Борхойн зам” ХХК гүйцэтгэж байгаа аж.
Замын ажлын явцын талаар “Борхойн зам” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Арахад “Тухайн зам нь иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр хааж, авто зам тавих ажлыг хийнэ. Энэ хүрээнд авто замын суурь хучилтыг аравдугаар сарын 10-нд, өнгөн хучилтыг аравдугаар сарын 20-нд хийж дуусгахаар график төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган замыг тавьж, арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” хэмээн хэллээ.
"Зам тавих ажлын явцад тоос шороо ихтэй байгаа ч суурь хучилт хийхээр багасна" гэж тэрбээр онцлов.
Энэ жил нийслэл Улаанбаатар хот ₮500 тэрбумын бонд гаргасан хөрөнгөөс авто замын салбарт 65 төсөл хэрэгжүүлж байгааг албаны хүн мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!