Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсад магистр, докторын түвшинд суралцуулах JDS тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн 2024 оны бүртгэл эхэлсэн байна.

Бүртгэлийн хугацаа:

  • Магистрын хөтөлбөрийн бүртгэл: 2024 оны есдүгээр сарын 3 (Мягмар) - 2024 оны аравдугаар сарын 25 (Баасан) хүртэл
  • Докторын хөтөлбөрийн бүртгэл: 2024 оны есдүгээр сарын 3 (Мягмар) - 2024 оны арванхоёрдугаар сарын 6 (Баасан) хүртэл үргэлжилнэ.

Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, мөн Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм.

Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 19 улсад хэрэгжиж, 2024 оны байдлаар нийт 5,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.

Монгол Улсад уг хөтөлбөр нь 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба нийт 420 иргэнийг магистрын түвшний хөтөлбөрт, 12 иргэнийг докторын түвшний хөтөлбөрт суралцуулахаар илгээжээ. Одоогийн байдлаар нийт суралцагчийн 380 нь сургуулиа амжилттай төгсөж, төрийн захиргааны төв байгууллагууд болоод Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа аж.

Энэ жил магистрын 15 оюутан, докторын нэг оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их сургуульд тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулах болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (Мэйл: jds.mongolia@jice.org, Фэйсбүүк: JDS Mongolia)-оос авна уу.

 

Эх сурвалж: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам