Уншиж байна ...

Э.Содномпилжээ: Паралимпын баг тамирчид хоолзүйч, сэтгэлзүйчгүй явсан. Дасгалжуулагч нар маань л бүгдийнх нь үүргийг гүйцэтгэлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медальтай (2016, 2020, 2024) болсон Э.Содномпилжээ өнөөдөр эх орондоо ирлээ.

Түүнтэй хамт дасгалжуулагч Д.Баттулга болон паралимпын бусад баг тамирчин хамт ирсэн юм. Тэднийг гэр бүл, найз нөхөд болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын "Сүлд" спорт хорооны удирдлагууд угтаж авлаа.

Энэ удаагийн паралимпт 85 улс ямар нэгэн медаль хүртсэнээс 67 улс алтан медаль хүртлээ. Манай улс нэг алт, гурван мөнгө хүртсэн амжилтаараа медалийн чанараар 57 дугаарт эрэмбэлэгдэв. 

Э.Содномпилжээгийн хувьд паралимпын наадмаас иж бүрэн медальтай болж буй Монголын анхны тамирчин юм. Тэрбээр 2016 онд 87 кг-ын жинд 210 кг-ын үзүүлэлтээр хүрэл медаль хүртэж байсан бол 2021 онд болсон Токиогийн олимпод 107 кг-ын жинд 247 кг шахаж дээд амжилт тогтоож байлаа. 

Харин энэ жилийн хувьд 248 кг-ын үзүүлэлтээр мөнгөн медаль хүртэв. Түүний гол өрсөлдөгч Ираны Алиакбар Гарибшахи 252 кг-ыг амжилттай тооцуулснаар паралимпын рекорд тогтоосон.

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ өнөөдөр эх орондоо ирээд сэтгэгдлээ хуваалцахдаа "Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казахстанд очиж бэлтгэлээ үргэлжлүүлэнгээ физик эмчилгээ хийлгэсэн.

Энэ жилийн паралимпт алт уу, мөнгө үү гэдэг л бодолтой Францад очсон. Гол өрсөлдөгч Ираны Алиакбар Гарибшахитай алтын төлөө хүч үзнэ гэдгээ гадарлаж байлаа. Мөнгөн медаль тодорхой болсны дараа захиалгаа 260 кг тулгасан.

Хүмүүс паралимпын баг тамирчид хоолзүйч, сэтгэлзүйчийн багтай явсан гэж ярьж байна. Үнэндээ тийм зүйл болоогүй. Дасгалжуулагч нар маань л бүгдийг нь гүйцэтгэсэн. Энэ сарын 21-28-нд Киргиз улсад энгийн төрлийн маань Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн болно. Тэнд оролцохоор бэлтгэлдээ гарна" гэж ярьсан юм.

Түүний дасгалжуулагч Д.Баттулгаас сэтгэгдлийг нь сонсоход "Медаль авах зорилготой явсан түүндээ хүрлээ. Сүүлийн шахалтын хувьд дүрмийн дагуу явагдсан. Эхлээд 243, 248 кг-аа тооцуулаад алтын төлөө дайрахын тулд өрсөлдөгчийнхөө 252 кг-ыг давж 253 кг захиалсан. Ираны тамирчин гурав дахь оролдлогоороо 254 кг захиалсан. Алт авахын тулд Ираны тамирчны захиалсныг ахиулах шаардлагатай. Ингээд хамгийн сүүлийн захиалга өгөх боломжоороо 255 кг болгочихвол өрсөлдөгч маань энэ тоог нэгээр нэмэх нь тодорхой. Ингэж ялагдаж байснаас шууд дээд хэмжээгээрээ тулгаад бүх юмаа хийе гээд 260 кг болгосон. Харамсалтай нь сүүлийн шахалт дээр бэртэл нь сэдэрснээр захиалгаа амжилттай болгож чадсангүй" гэв.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг