Уншиж байна ...

БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлал өндөрлөлөө

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөж, эх орон руугаа буцлаа. 

Түүнийг Чингис хаан нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шень Миньжюань болон албаны бусад хүн үджээ. 

Айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал гэдгийг дурдаад Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд БНХАУ-ын тал хамтран ажиллаж эдгээр төслийг эрчимжүүлэхийг хүссэн юм.

Түүнчлэн Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдны зам байгуулах төслүүдэд БНХАУ-ын талтай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэхийн хамт Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа хэлсэн. Үүний хариуд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Засгийн газраас санал болгож буй дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон юм.