Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Давгадорж: Саальчны гарын арчдас болон махны захын хутга, бандан зэргээс антибиотикт тэсвэртэй нян илэрсэн

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Улаанбаатар хот орчмын мах, сүүний фермүүдийн эрүүл ахуйн нөхцөлийг тодорхойлж, илэрсэн бичил биетний антибиотикт мэдрэг чанарыг үнэлэх нь” сэдэвт судалгааны үр дүнг Талбарын тархвар судлалын 13 дахь төгсөгч Я.Давгадорж танилцууллаа.

Махны судалгааг хийхдээ:

  • Хутга, бандан болон мах нядалгааны газрын ажилчдын гарын арчдас

Сүүний судалгааг хийхдээ: 

  • Сүүний танк, саалтуур, саальчны гарын арчдас болон бусад тоног төхөөрөмжөөс сорьц авахад зарим төрлийн антибиотикт тэсвэртэй нян илэрсэн байна.

Дээрх судалгааг 2023 онд гүйцэтгэсэн бөгөөд сорьц цуглуулах үйл ажиллагаа 14 хоног, лабораторийн шинжилгээ 15 хоног үргэлжилжээ.

Улмаар цугларсан дата мэдээлэлд үндэслэн судалгааг нэгтгэн дүгнэснийг хэлсэн юм. 

Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэхэд анхаарах асуудлын талаар түүнээс тодрууллаа.



Тэрбээр "Энэхүү судалгаа нь талбарын тархвар судлалын 13 дахь кохортын бүлгийн ажил.

Сүүлийн үед антибиотикт тэсвэртэй буюу антибиотик хэрэглэсэн ч устдаггүй нянгууд илүү их оношлогдож, илэрч байгаа. Тиймээс мах, сүүнд энэ төрлийн нян байгаа эсэхийг судлахаар хүн, мал эмнэлэг, зоонозын өвчний чиглэлээр суралцагчид хамтран судалгааны ажлыг гүйцэтгэхийг зорьсон. 

Харьцуулсан судалгааг хийхдээ гар аргаар мах нядалдаг үйлдвэр болон мах борлуулдаг зах худалдааны төвүүдээр явж ажилласан. 

Сүүний үйлдвэрийн фермийн тухайд саалтуураар саадаг болон гараар саадаг үйлдвэрүүдийг сонгож, сорьц дээж цуглуулсан юм. 

Дээр дурдсанчлан 

  • саальчин болон мах нядалгааны газрын ажилчдаас гарын арчдас авч
  • бандан бусад тоног төхөөрөмж
  • сүү, махнаас нь дээж аваад шинжилгээ хийсэн байгаа" гэв. 

Мах, сүүний шинжилгээний үр дүн: 

Сүүний үйлдвэр буюу сүүний фермийн бүх арчдас, шинжилгээнээс бохирын E.Coli хэмээх нян илэрсэн. Антибиотикт тэсвэртэй төрлийн нянгууд сүүний үйлдвэр, саальчны гарын арчдас, танк, саалтуур зэргээс гарсан гэсэн үг. 
E.Coli өндөр илэрсэн тохиолдолд хордлого үүсгэдэг. Гэхдээ сүүнд зохих хэмжээнд байх ёстой ч тогтсон хэмжээнээс хэтэрвэл хордлого үүсгэх эрсдэлтэй. E.Coli нь маханд байх ёсгүй.
Хамгийн ноцтой нь саалтуургүй фермийн сүүнээс антибиотикт тэсвэртэй нян илэрсэн. Мэдрэг чанарыг үзэхэд ампициллин, пенициллин зэрэг антибиотикуудад тэсвэртэй нян илэрсэн байгаа.
Махны тухайд ISO стандарт нэвтрүүлсэн өндөр технологитой махны үйлдвэр болон хоёр ферм сонгосноос нэг үйлдвэрийн бандан дээрээс E.Coil илэрсэн байгаа. Антибиотик мэдрэг чанартай гэж гарсан. 

Гар аргаар нядалдаг махны үйлдвэрийг судалгаандаа хамруулах гэсэн боловч биднийг судалгаа хийх үед нядалгааны үйлдвэрүүд зогссон байсан. 

Иймд махны жижиглэн худалдааны том захуудаар явж, сорьц цуглуулсан. Зах худалдааны төвүүдийн хоёр бандангийн сорьсноос E.Coli, Staphyloccus spp илэрсэн. Мөн хутганы сорьцоос E.Coli илэрсэн.

Ялангуяа зах, худалдааны төвүүдэд жижиглэнгийн мах борлуулж буй газруудын хутга, банданд бохирдол ихтэй гарч байсан. Иймд хүний оролцоо багатай, шат дамжлага нь автомат байвал бохирдол бага байна.

Хүний оролцоо их тусмаа бохирдол ихсэж байгааг анхаарах нь чухал гэдгийг Талбарын тархвар судлалын 13 дахь төгсөгч Я.Давгадорж хэллээ.