Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Билгүүн: Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөө, Бага, Их тойруу, Олимпын гудамжны явган хүний замын хавтанг байгалийн чулуугаар солино

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус ажил 95 хувьтай үргэлжилж байгаа аж. Үүнээс гадна төвийн зургаан зам талбайд явган хүний чулуун зам хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар албаны хүн мэдээллээ.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн "Энэ жилийн явган замын бүтээн байгуулалт сургууль, цэцэрлэгийн орчимд хийгдэж буй. Тухайлбал 107, 110 дугаар цэцэрлэг, 81, 86, 44, Амгалан цогцолбор сургуулийн орчныг аюулгүй байлгахад анхаарч ажиллаж байна. Амгалан цогцолбор сургуулийн орчны явган замын ажлаас бусад нь дууссан. Уг цогцолбор сургуулийн орчмын явган хүний замын ажлыг ойрын 10 хоногт дуусгана.

Төв гудамж талбайд байгалийн чулуугаар явган хүний зам хийхээр болж, зургаан замын зураг төсвийг баталж, тендер зарлагдсан байгаа. Одоогоор нэг багцын гэрээг байгуулсан, дөрвөн багцынх худалдан авах ажиллагааны үнэлгээний шатанд явж байна.

Эдгээрийг дурдвал Энхтайваны өргөн чөлөө бүхэлдээ, Бага тойруу, Их тойруу, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны явган хүний замыг байгалийн чулуун болгоно.

Дотоодын "Чулуу үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос хямд үнээр материал нийлүүлэх саналыг тавьсны дагуу төлөвлөгдөж байгаа юм.

Нийслэлийн хэт нарийн явган замуудыг өргөтгөх ажлыг өнгөрсөн оноос хийгдсэн. Гэвч явган хүний зам дээр автомашинаа тавих, дур мэдэн дэд бүтцийг ухах зөрчлүүд гарч байна, эдгээрт хариуцлага тооцож ажилладаг" гэж мэдээлэв.

Байгалийн чулуун зам нь эдэлгээ удаантай, борооны усыг шингээж нэвчүүлэх, шугам сүлжээний шинэчлэлийг зам эвдэхгүйгээр хийх ач холбогдолтой бөгөөд хүйтэн сэрүүн улиралд ч барих боломжтой гэнэ.