Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан Нам (АН), Шинэ намтай эвсэж оролцох санамж бичиг байгуулж, намын төлөөллүүд гарын үсэг зурлаа.
Үргэлжлүүлэн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд яагаад хамтран оролцох болсон талаар АН-ын удирдлагууд мэдээлэл өглөө.
АН-ын ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал "Аравдугаар сарын 12-нд орон нутгийн сонгууль болно. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас 8,100 гаруй нэр дэвшигчид өрсөлдөхөөр бэлэн болж, СЕХ-д бүртгүүлэх ажил явагдаж байна.
Мөн нэг онцлог нь АН-тай Шинэ намынхан хамтран нэгдэж орон нутгийн сонгуульд оролцох болсноо баталгаажууллаа. АН орон нутгийн сонгуульд орон нутаг бүрийн онцлогт тулгуурласан мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцож байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 86 хувь нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр юм.
УИХ-ын сонгуульд холимог систем бий болсон хэдий ч олон нам саналаа хувааж, Монгол Ардын Нам (МАН)-д давуу боломж үүсгэснийг бид харсан. Цаашдаа улс төрийн чиг баримжаа ижилхэн намууд нэгдэж сонгуульд оролцвол ардчиллаа хамгаалж чадна.
Бид ялалт байгуулбал хөрөнгө оруулалтын шинжтэй бүтээн байгуулалтыг богино хугацаанд зоригтой шийднэ" хэмээн ярилаа.
Харин орон нутгийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн талаар Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Батцогт "Сонгууль гэдэг дүн тавьдаг зүйл. Дөрвөн жилд Улаанбаатар хот хэрхэн хөгжсөн, дарга нарын амьдрал яаж өөрчлөгдсөн бэ гэдэгт дүн тавина.
Дөрвөн жилийн өмнө МАН Улаанбаатар хотыг аз жаргалтай хот хэмээн мөрийн хөтөлбөр дэвшүүлж олонх болсон. Үүнд аравдугаар сарын 12-нд дүн тавих болно.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнг бид нэгтгэж харсан. Өнөөдөр болон өнгөрсөн дөрвөн жил эрх барьж буй нам Улаанбаатарчуудын 27 хувийн дэмжлэг авч байгаа.
Харамсалтай нь 27-28 хувийн дэмжлэг авсан нам өнөөдөр 100 хувь засаглаж, нөхцөл байдал ямар буйг бид харж байна. Гэтэл нийслэлчүүд олонх нь МАН-ыг огт дэмжихгүй байгаа.
Үлдсэн 70 орчим хувийн санал олон намд хуваагдаж, сонгуульд яллагддаг тогтолцоог өөрчлөх цаг нь болсон. Ардчиллын үнэт зүйлд нэгддэг олон намд санал тавьж, уулзалт хийж орон нутгийн сонгуульд нэгдэн орохоор эхний хэлэлцээр амжилттай боллоо.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар гэдэг хүн үндсэн ажлаа хийж чадахгүй, зөвхөн аж ахуйн шинж чанартай, хүмүүсийн толгойг эргүүлэх зорилготой хоосон амлалт өгч байна. Бид хотын дарга шиг зам нь түгжирч байхад бордюр солиод явахгүй байх.
Хүүхдийн хөгжил, боловсрол мэдлэгийг бий болгох зорилгоор "есдүгээр сарын 1" гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл санаачилсан. Энэ хүрээнд хүүхдэд ээлтэй хот гэх зорилтыг дэвшүүлж ажиллах болно" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!