Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас бага ангийн сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд түрээсийн байранд хичээллэхээр болсон байна. Гэвч сурагчдын эцэг, эхчүүд тус шийдвэрийг эсэргүүцжээ.
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан холбогдох албаныхан болон эцэг, эх, сургуулийн захиргаатай хэд, хэдэн удаа зөвшилцөж 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орох хүртэл үндсэн сургууль дээр 1-3 дугаар ангийн сурагчдыг гурван ээлжээр хичээллүүлэхээр болов.
Харин 4 дүгээр ангийн зургаан бүлгийг 10 дугаар хороонд шинээр баригдсан 169 дүгээр сургууль руу хүүхдийн автобусаар зөөвөрлөн түрээсийн байранд хичээллэхгүй байх шийдвэр гаргажээ.
Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 85 хувьтай хийгдсэн ч 2022 оноос санхүүжилтийн асуудлаас болж бүтээн байгуулалтын ажил зогссон байна. Барилгын ажлыг үргэлжлүүлж бүрэн ашиглалтад оруулахын тулд нэмэлт санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар болсон бөгөөд Нийслэлийн удирдлагууд тус сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэн аравдугаар сард ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!