Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Роснефть компанийн Худалдаа ложистик хариуцсан захирал Андрей Баготенковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах гэж буйд таатай байгаагаа тэмдэглээд, манай хоёр улс газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэн, өргөжүүлэхэд дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлэв.
ОХУ-ын Роснефть компанийн Худалдаа ложистик хариуцсан захирал Андрей Баготенков ОХУ, Монгол Улс хоорондын харилцааг онцлоод Монгол Улс ОХУ-ын хувьд стратегийн томоохон хөрш улс гэдгийг тэмдэглэж, түүхийн урт хугацаанд Монгол, ОХУ хоёр улсын тогтвортой харилцаа үргэлжилсээр байгааг дурдав.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн хэрэглээ хурдтай өсөж байгаа нь хөгжлийн нэгэн чухал үзүүлэлт болж байгааг тэмдэглэсэн байна. Роснефть компани Монгол Улсын бензин, түлшний 90 орчим хувийг дангаар хангаж байгааг тэмдэглээд, үнийн уян хатан, тогтвортой бодлогыг баримтлан ажиллаж, хөнгөлөлттэй нөхцөлийн үнийг санал болгон ажиллаж байгаагаа дурдав.
Эх сурвалж: Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!