Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэр, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт зэргийг татварын бодлогоор дэмжинэ"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сангийн яам/СЯ/-наас 2025 оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.  

Ирэх жилээс бүсээрээ татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэж мөн хувийн хэвшлийг дэмжсэн гурван багц татварын бодлогын арга хэмжээ хэрэгжиж эхлэх аж. 

Тодруулбал ирэх жилээс бүсүүд бие даан эдийн засгийн бодлого явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийг татах чиглэлээр хоорондоо өрсөлдөх, орон нутгийн төсвийн бие даасан байдал нэмэгдэх бодлогууд хэрэгжиж Монгол улсын 20 гаруй нэр төрлийн татвар бүс бүсээрээ ялгаатай тогтох боломж бүрдэж байгаа юм байна. 

Мөн хувийн хэвшлийг дэмжсэн дараах гурван багц татварын бодлогын арга хэмжээ хэрэгжих аж. 

  1. Бүсчилсэн хөгжилтэй холбоотой томоохон бүтээн байгуулалтуудыг татварын бодлогоор дэмжинэ. 

Бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төслийн:

  • Барилгын материал, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлж, НӨАТ-ыг 4 хүртэлх жилээр хойшлуулна. 
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 0% хүртэл бууруулан хөнгөлнө. 
  • Томоохон төслүүдийн ирээдүйн таван жилийн орлогод төлөх татварын 90 хувийг буцаан олгож урамшуулна. 

 2. Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг дэмжих татварын таатай орчныг бүрдүүлнэ. 

Бүх төрлийн боловсруулах үйлдвэр эрхлэгчдийн импортолсон тоног төхөөрөмжийн иж бүрдлийн гаалийн татвараас 100% хөнгөлнө. 

3. Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл борлуулалтын орлогын 1%-ийн татварын хөнгөлөлт үзүүлнэ 

Уг хөнгөлөлтөд хамрагдах чиглэл, зориулалт: 

  • Байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах
  • Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамж, тэдгээрийн эрхийг хангах хамгаалах, хүүхдийн тоглоомын талбай, парк барих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тохируулгат орчин бүрдүүлэх
  • Соёлын өвийг хамгаалах, сэргээх, туурвих, түгээх, музей, номын сан, бүтээл зэрэг соёлын бусад үйл ажиллагаа
  • Биеийн тамир, спортын барилга байгууламж, цогцолбор болон орон нутгийн өмчийн боловсрол, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага
  • Боловсрол, шинжлэх ухааны зориулалтын судалгаа, шинжилгээ, сургалтын тэтгэлэг
  • Гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс учирсан хохирол барагдуулах гэх мэт