Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЭШ-д өндөр оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшаас гадна сургуулийн менежер, захирал, сумын ЗД-ыг урамшуулдаг болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 9 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Фото зургийг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал цахим хуудсаас авав

Говь-Алтай аймгийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXI хуралдаан өнгөрөгч Баасан гараг буюу наймдугаар сарын 30-ны өдөр болж, урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцжээ. 

Хурлаас Элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан сурагч, тэдний багш нарыг урамшуулахаас гадна тухай сургуулийн менежер, захирал, сумын засаг даргыг хүртэл урамшуулах шийдвэр гаргасан байна.

Олон нийтийн сүлжээнд буй мэдээллээр,

  • Элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан сурагчийг 3-5 сая төгрөг,
  • багшийг 1 сая төгрөг, 
  • сургалтын менежерийг 5 сая төгрөг, 
  • сургуулийн захирлыг 7 хүртэл сая төгрөг, 
  • сумын засаг даргыг 7 хүртэл сая төгрөгөөр тус тус урамшуулахаар болсон гэсэн байв.

Энэ талаар тус аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаас тодруулахад "Элсэлтийн шалгалтад амжилт гаргасан сурагч, багш, тухайн сургуулийн менежер, захирлыг тус бүр урамшуулахаар болсон нь үнэн" гэдэг хариулт өгөв. 

Харин энэхүү урамшууллыг ямар тооцооллоор бодох, сошиалд байгаа урамшууллын дүнгийн талаарх мэдээлэл үнэн эсэхийг лавлахад "Энэ асуудлыг зохих журмын дагуу шийднэ. Бүгдийг нь тэгшитгээд адилхан мөнгөн дүнгээр урамшуулна гэж ойлгож болохгүй. Гэхдээ холбогдох журмын талаар мэдээлэх боломжгүй" гэв. 

ИТХ-ын нарийн бичгийн даргын хэлж буйгаар ямартай ч ЭШ-д өндөр оноо авсан сурагч, түүнийг бэлдсэн багшийг урамшуулдаг болж. Гэвч сошиал дахь мэдээллээс харвал сургуулийн менежер, захирал, сумын засаг дарга нарыг сурагч, багш нараас илүү өндрөөр урамшуулдаг болох нь.