Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтэс наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-нийг хүртэл гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс дөрвөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Түүнчлэн эрүүгийн 944 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, арван хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 925 хэрэг шалгагдаж байна.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!