Монгол болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааны дөрөв дэх удаагийн форум өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ)-д болж байна.
Уг форумд Монголд шинээр хөрөнгө оруулах сонирхолтой 75 аж ахуйн нэгж, өмнө нь хөрөнгө оруулалт хийсэн 50 аж ахуйн нэгж буюу Хятадын талаас нийт 125 байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. Харин Монголын талаас бизнесийн байгууллагын 120 төлөөлөл бүртгүүлжээ.
Энэ удаагийн форумын хөрөнгө оруулалтын тэргүүлэх гурван салбарыг
Ийм ч учраас өмнөд хөршөөс сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хүнс, аялал жуулчлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид манай улсад хүрэлцэн ирээд байгааг МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс мэдээллээ. Хятадын төрийн өмчит есөн компанийн төлөөлөл ирснийг тэд мөн онцолсон юм.
Уг форумыг зохион байгуулж буй гол онцлог, ач холбогдол нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хятад компаниудад дотоодынхоо бизнес, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулан сурталчлахад оршиж байна.
Үүнтэй холбоотойгоор Хятадын бизнес эрхлэгчдэд зориулж өчигдөр "Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчныг танилцуулах сургалт"-ыг зохион байгуулжээ.
Форумын нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар хэлсэн үгэндээ "Өнгөрсөн онд зохион байгуулагдсан форумын үеэр 20 орчим хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, 20 гаруй тэрбум юанийн хэлэлцээ хийгдэж байв" хэмээгээд энэ удаагийн форумаар өмнөх хэмжээгээ давуулах болов уу хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлсэн юм.
МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл нь 2023 оны есдүгээр сард 100 гаруй гишүүдтэйгээр байгуулагдаж, сэргээгдэх эрчим хүчний хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэглээг нь нэмэгдүүлэх, цаашлаад сэргээгдэх эрчим хүчийг экспортлох асуудлыг тууштай дэмжин үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй дээр тулгуурласан экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гишүүн байгууллагуудаа дэмжих бодлого баримталж байгаа" хэмээв.
Мөн тэрбээр экспорт импортын бараа бүтээгдэхүүнд стандарт мөрдүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцлоод Монголд нэмэлтээр олон тооны шинэ стандартыг нэвтрүүлэх хэрэгцээ байгааг дурдаж байлаа.
Өнөөдрийн форум Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн санаачилсан төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдад санал болгох арга хэмжээгээр үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!