УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн, хаалтаа хийв. Энэ чуулганы хугацаанд хэлэлцсэн төсвийн тодотголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн харьяанд байсан “Тавантолгой түлш” компанийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг тусгасан байв. Энэ асуудлыг байнгын хороо, чуулганаар хэлэлцээд тус компанийг нийслэлийн өмчид шилжүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн.
Гэвч зарим гишүүн үүнийг эсэргүүцсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Эрдэнэс Тавантолгой компанийн 27 хувийг иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг. Гэтэл охин компани нь болох “Тавантолгой түлш”-ийг улсын өмчөөс орон нутгийг өмчид шилжүүлэх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн саналыг авахгүйгээр УИХ шийдэж байгаа нь Компанийн тухай хуультай зөрчилдөж байна” гэв.
Хуулийн төслийг эцэслэн батлах үед гишүүний дээрх үгийг анхаарахыг УИХ-ын дарга сануулж, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга нарын байр суурийг сонсов.
Тэрбээр “Энэ асуудал Компанийн тухай хуультай зөрчилдөх үү. Хэрэв зөрчилдөнө гэж үзвэл өнөөдөр эцсийн найруулга сонссонд тооцохгүйгээр намрын чуулган хүртэл хойшлуулаад, түүнээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, зөвшөөрөл авсны үндсэн дээр эцсийн найруулгыг сонссонд тооцох ёстой” гэв.
Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Энэ асуудлыг хойшлуулаад хувьцаа эзэмшигчдийн хурлыг нь хуралдуулах нь зөв болов уу гэж үзэж байна” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Зөвхөн төрийн өмчийн тухай асуудал биш компанийн засаглалын тухай юм. Өмчлөл шилжихэд хувьцаа эзэмшигчдийн хувьцаанд хэрхэн нөлөөлөхийг бид тооцох аргагүй. Төр төрдөө шилжүүлж байгаа мэт боловч хувьцаа эзэмшигчдэд нь шийдэх боломжийг нь олгох нь зүйтэй” гэлээ.
Эцэст нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын тогтоол батлагдсан. Тиймээс ЗГХЭГ-аас хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж, саналыг нь авах хэрэгтэй. Н.Учрал сайд “Тавантолгой түлш” компанийн төрийн өмчөөс орон нутгийг өмчид шилжүүлэх ажлыг эхлүүл. Энэ дээр ямар нэгэн шалтаг тоочих, УИХ ёсчлоогүй учраас агаарын бохирдол нэмэгдсэн мэтээр ярихыг хүлээн зөвшөөрөхгүй. УИХ хуульд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэдгийг ойлгож, Засгийн газар алдаатай процесс явуулахгүй байхыг анхааруулъя. Эцсийн найруулгыг намрыг чуулган хүртэл хойшлууллаа” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!