Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

Тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тогтоолын төсөлд орж буй онцлох заалтын талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Эмийг бүргүүлэх гэж 6-12 сар хүлээдэг. Үүний дараа чанарын шалгуулахаар лавлагаа лабораторид шалгуулдаг. Энэ бүх процесс нь зориудаар эмийн зах зээл дээр бусдыг оруулахгүй байх хориг тавьдаг технологи юм.

Бидний батлах гэж буй тогтоолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өндөр хөгжилтэй оронд, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийг бид хялбаршуулсан аргаар Монголд шууд оруулах боломжийг бүрдүүлэх гэж байгаа. 

Дахин бүртгүүлж, лабораторид очиж шалгуулах процессыг зогсоох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж тухайн улс орны Эрүүл мэндийн яам, Эмийн агентлагтай нь гэрээ байгуулан, үүний дагуу Гаалийн ерөнхий газар дээр тухайн орны хэрэглэдэг эмийн жагсаалтыг шууд цахимаар харна. 

Жишээлбэл Солонгост хэрэглэдэг эм Монголд бүртгэлгүй байсан ч Засгийн газар хооронд гэрээ хийж, эмийн агентлагууд нь мэдээллээ солилцсон бол гаалиар нэвтрүүлнэ. Ингэснээр бид сайн эмийг хэрэглэдэг болно. 

Тэр эмийг Монголд бүртгэх гэж янз бүрийн авлига өгөх шаардлагагүй, цаг алдахгүй. Мөн лабораторид шинжлүүлэхээр мөнгөө үрж, өртгөө нэмэгдүүлэхгүй байх арга нь энэ юм. Үүнийг хурдан хийгээрэй хэмээн УИХ-ын тогтоолд оруулж өгч байгаа. 

Эмийг гар дамжуулж худалдаалах ноцтой асуудал. Аравдугаар сарын 1-нд хэрэгжих хуулиар маш хатуу зохицуулалт оруулсан. Жишээлбэл эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй болж байгаа. 

Хэрэв сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулж, хариуцлага тооцно. Харин жороор олгодоггүй буюу эрүүл мэндийн нэмэгдэл бүтээгдэхүүнийг хэвлэл мэдээллээр сурталчилж болно" хэмээн ярилаа.