Ерөнхий аудитор Д.Загджавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр "Таван толгой түлш" ХХК-ийн баяжуулах үйлдвэр барих төсөлд 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, энэ нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэмжээний ноцтой байсан нь олон нийтийн анхаарлыг татлаа. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
- Төрийн аудитын байгууллага нь хүний нөөцийн хүрэлцээнээс шалтгаалж улсын хэмжээний төрийн өмчит болон төсөвт байгууллагуудын санхүүгийн тайланд дангаар аудит хийх боломжгүй тул “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайлангийн аудитыг өмнөх онуудад хувийн аудитын компаниудаар гэрээгээр гүйцэтгүүлж ирсэн.
Тус компанийн 2023 оны санхүүгийн тайлангийн аудитыг Үндэсний аудитын газар гүйцэтгэсэн. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тус компаниас эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон урт хугацаатай санхүүжилтийн эргэн төлөлт хийгдээгүй, хугацааг хойшлуулж ирснээс их хэмжээний буюу 2.8 их наяд төгрөгийн авлагатай гарсан.
Авлагын 38.4 хувийг агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, “Тавантолгой түлш“ ХХК-ийн компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор тус компанид
“Тавантолгой түлш” ХХК 2019-2023 онуудад компанийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зориулалтаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай 1.2 их наяд төгрөгийн 10 жил хүртэлх хугацаанд хуваан төлөх урт хугацаатай санхүүжилтийн 15 гэрээ байгуулж, нэг их наяд тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч дээрх хугацаанд ашигтай ажиллаагүй, санхүүжилтийн эргэн төлөлтийг огт хийгээгүй байна.
Аудитаар дээрх гэрээнээс агаарын бохирдлыг бууруулах болон компанийн үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн өндөр ач холбогдолтой
- Баяжуулах болон коксын үйлдвэрийн барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажлын 2022 онд байгуулсан ЭТТ-2022/83 дугаартай 113.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ;
- Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 2022 онд байгуулсан ЭТТ-2022/502 дугаартай 21.2 тэрбум төгрөгийн гэрээ;
- Химийн үйлдвэрлэлийн шахмал түлш болон нунтаг коксыг бэлтгэн нийлүүлэх (400.0 мянган тонн химийн үйлдвэрлэлийн шахмал хагас коксын түлш, 100.0 мянган тонн нунтаг коксыг “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн түлшний үйлдвэрт нийлүүлэх, төлбөрийг төгрөгөөр болон нүүрсээр барагдуулах) Hong Kong Hengde компанитай 2022 онд байгуулсан 2022/518 дугаартай 6.6 тэрбум төгрөгийн арилжааны гэрээний хэрэгжилтэд илэрсэн зөрчлийг нийтийн албан тушаалтан гэрээ байгуулах, гүйцэтгэл баталгаажуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үндэслэлээр Төрийн аудитын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор энэ тухай прокурорын байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт бичгийг шилжүүлнэ. Прокурорын байгууллага Ерөнхий аудитороос шилжүүлсэн мэдээлэл, баримт бичигтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий аудиторт хариу мэдэгдэнэ” гэж заасны дагуу Улсын прокурорын ерөнхий газарт
- Энэ гэрээний хэрэгжилтэд алдаа байсан гэсэн үг үү?
- Энэхүү гурван гэрээний хэрэгжилтэд илэрсэн зөрчлөөс товч дурдвал,
- “Тавантолгой түлш” ХХК-ийн захиалгаар 2021 онд Майн дата ХХК-ийн боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн Т/21-13-09 дугаар дүгнэлтээр батлуулсан, жилд 2.2 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай 32,850.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-д хөндлөнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр үр ашиггүй, хийсэн тооцоо судалгаа бодитой бус гэж үнэлэгдсэн.
- Баяжуулах болон коксын үйлдвэр байгуулах, хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ЭТТ-2022/83, ЭТТ-2022/502 дугаартай хоёр гэрээний 16 багц ажлын хүрээнд 15 аж ахуйн нэгжтэй 115.5 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулсан бөгөөд ихэнх гэрээний хугацаа дууссан боловч ажлын гүйцэтгэл бүрэн хангагдаагүй;
- “Майн дата” ХХК-ийн 2021 онд боловсруулсан ТЭЗҮ-ийг сайжруулах, тодотгох арга хэмжээ авалгүйгээр дахин ТЭЗҮ боловсруулах 21.2 тэрбум төгрөгийн ЭТТ-2022/502 дугаартай санхүүжилтийн гэрээг 2022 онд нэмж байгуулан дахин ТЭЗҮ боловсруулахаар гэрээ байгуулсан;
- ЭТТ-2022/83, ЭТТ-2022/502 дугаартай санхүүжилтийн гэрээгээр хийх ажлын жагсаалтад “коксын үйлдвэрийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, нүүрний лаборатори байгуулах” ажлыг эхний гэрээнд 19,095.0 сая, удаах гэрээнд 18,367.8 сая төгрөг байхаар давхардуулан тусгасан;
- “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай 2022 онд ЭТТ-2022/83 дугаартай санхүүжилтийн гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд буюу 2020 онд “Сарту өргөө” ХХК болон “Говийн төмөр зам” ХХК-ийн түншлэлтэй байгуулсан гэрээг санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж санхүүжүүлсэн, мөн “Сарту өргөө” ХХК болон “Говийн төмөр зам” ХХК-ийн түншлэлтэй 2 өөр төрлийн ажил гүйцэтгүүлэхээр ижил дугаар, ижил хугацаа, ижил үнийн дүнтэй гэрээг байгуулсан;
- “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас ЭТТ-2022/502 дугаартай Хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зориулалтаар олгосон санхүүжилтээр “Тэнгэр эе” ХХК-тай нүүрс химийн үйлдвэрийн захиргаа, оффисын барилгуудын засвар шинэчлэлт хийлгэх 2,759.3 сая, захиргаа, оффисын цэвэр ус, дулааны шугам хоолой шинэчлэлт, гадна бохирын бичил станц угсрах, гадна тохижилтын ажил хийлгэх 1,203.1 сая, “Блю арч” ХХК-тай засварын зураг төсөл боловсруулах 290.2 сая, нийт 4,252.5 сая төгрөгийн гурван гэрээ байгуулж, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай түүхий эд, газрын байршил эцэслэн баталгаажаагүй байхад “Багануур” ХК-ийн эзэмшлийн ашиглагдаагүй байсан барилгыг засварлаж 4,171.9 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, өмчлөлийн асуудал шийдвэрлэгдээгүй;
- “Hong Kong Hengde” компанитай байгуулсан гэрээний дагуу “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт түүхий эд хэлбэрээр нийлүүлсэн 6.6 тэрбум төгрөгийн 400.0 мянган тонн химийн үйлдвэрлэлийн шахмал хагас коксын түлш, 100.0 мянган тонн нунтаг коксыг бүрэн хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, акт баримт үйлдээгүй, газар дээр хийсэн үзлэгээр агуулахад 400 тонн шахмал коксын түлш хадгалагдаж байх боловч данс бүртгэлд тусгаагүй байна.
- Тэгэхээр энэ асуудалд хариуцлага хүлээлгэх албан тушаалтан нь хэн юм бэ. Тухайн үеийн Ерөнхий сайдад хамаарах юм уу, эсвэл Сангийн яам юм уу, "Таван толгой түлш" ХХК-ийн тухайн үеийн удирдлага уу?
- Дээрх зөрчлүүд нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Тавантолгой түлш” ХХК-ийн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас авсан санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хүлээж авах зэрэг үйл явцад үүссэн тул тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн яам хамааралгүй гэж үзэж байна.
Харин “Тавантолгой түлш” ХХК эргэн төлөгдөх нөхцөлтэй урт хугацаат санхүүжилтийн гэрээгээр их хэмжээний авлага үүсгэсэн, авлагыг хэзээ барагдуулах нь тодорхойгүй, олгосон санхүүжилтийн хүрээнд хийсэн ажлын гүйцэтгэл хангалтгүй, санхүүжилтийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулсан зэргийг харгалзан “Тавантолгой түлш” ХХК-д эрсдэлийн аудит хийх нь зүйтэй гэж үзсэн.
- Ц.Даваасүрэн гишүүн байгууллага хоорондын гүйлгээ учраас зөрчил биш гээд байгаа шүү дээ. Тухайн үеийн Ерөнхий сайдад хамааралтай асуудал юм уу?
- Тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Засгийн газрын бодлого, шийдвэрийг алдаатай, буруу зөрүү гэсэн дүгнэлт манай аудитын тайланд байхгүй.
Тухайн ажлыг хэрэгжүүлэхдээ доод шатандаа алдаатай, санхүүгийн сахилга бат алдсан байж болзошгүй гэдгийг аудитаар илрүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзэж холбогдох байгууллагад нь шилжүүлсэн асуудал юм.
- Аудитын байгууллага шалгалт хийж, алдаа, зөрчил илрүүллээ гэдэг. Гэтэл энэ хяналт шалгалтын мөрөөр хууль хяналтын байгууллага арга хэмжээ авч, хариуцлага тооцдоггүй, үр дүн гаргадаггүй гэх хандлага нийгэмд байдаг.
- Төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавьж төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад төрийн аудитын зорилт чиглэдэг. Аудитын явцад алдаа, зөрчлийг таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг шалгагдагч этгээдэд хариуцуулж албан шаардлага өгөх, илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэх чиглэлээр төлбөрийн акт тогтоох эрх Төрийн аудитын тухай хуулиар олгогдсон.
Түүнчлэн нийтийн өмчийг төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулах үйл ажиллагааны арвилан хэмнэлт, үр ашигтай, үр нөлөөтэй байдал болон төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилгоор шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтанд зөвлөмж өгч ажилладаг.
Харин аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд прокурорын байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт бичгийг шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг шийдвэрлэх арга хэмжээг бид хуулиар олгосон эрхийн хүрээнд авч хэрэгжүүлэн, эрүүгийн, зөрчлийн болон бусад хуулиар шийдвэрлэх асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь шилжүүлдэг. Хууль хяналтын байгууллага шилжүүлсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар арга хэмжээ авах нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдах юм.
Эх сурвалж: Үндэсний Аудитын Газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!