Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Өнөр: Эрүүл хөрс тарихгүй бол иргэний засаглал бус намын засаглал ноёлсоор л байна

ikon.mn
2024 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль буюу бидний хэлж дадсанаар Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдах тов гарсан.

Төсвийн тодотгол, Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын том бүтэц гээд хөл толгойгоо олохтой зэрэгцээд энэ чухал сонгуульд ач холбогдол өгөх нь бага анзаарагдаж байна. Иргэдийн амьдралд хамгийн чухал энэ сонгуулийн талаар "Тасралтгүй боловсрол судалгааны институт"-ийн судлаач, АНУ-ын Корнеллийн их сургуулийн нийтийн удирдлагын магистр Сүхбаатарын Өнөртэй ярилцлаа.

- Орон нутгийн сонгууль УИХ-ын сүүдэрт дарагдаад ач холбогдол, цар хүрээ нь бүдгэрсээр ирсэн. Ер нь нь орон нутгийн сонгуулийн ач холбогдол, нутгийн өөрөө удирдах байгууллага хэрхэн ажиллах ёстой юм бэ, бид үүнд хэр ач холбогдол өгөх ёстой вэ?

- Манай улсад төрийн институциуд нь юу хийдэг тухай цэгцтэй ойлголт иргэдийн дунд байдаггүй. Угаасаа энэ ойлголтыг нь ч хангалттай сайн өгдөггүй. Ерөнхий боловсролын сургуульд ч тэр, их сургуульд ч тэр "иргэний боловсрол" тун тааруухан байна. Үүнийг залруулахгүйгээр Үндсэн хуулийн оршилд тусгасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бүтээх нь үеийн үед бэрхшээлтэйг юуны өмнө тодотгоё.

Яагаад Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулийн сүүдэрт дарагддаг вэ. Нэн ялангуяа нийслэл хотод орон нутгийн засаг захиргааныхаа үйл ажиллагаанд иргэд хэрхэн яаж оролцохоо сайн мэдэхгүй, оролцлоо ч үр дүнд хүрнэ гэсэн итгэлгүйгээс орон нутгийн асуудалдаа хүчтэй анхаарахгүй байна.

Аль субъект юу хийдэг, хаашаа хандах тухай мэдээлэл дутмаг, ямар нэг асуудлаар хандсан ч хүнд суртлын улмаас шийдвэрлэгдэх нь хомс явж ирсэн. Тэгэхээр тэд яахав. Доогуур нь хэлж яриад юу ч өөрчлөгддөггүй учраас хамгийн дээд албан тушаалтан руу хандаж “мундагдуулах” сонирхол төрдөг. Ингээд л УИХ-ын гишүүддээ “Цэцэрлэг, сургууль барьж өгнө үү” гэж хандаад эхэлдэг. Өнөөдүүл нь ч юм хийсэн нэр зүүх хүсэлтэй тул дуртайяа оролцдог.

Ерөөс УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, санал хураалтын мэдээлэл олдоц муутай байхад орон нутгийн засаг захиргааны мэдээллийг олж авах  нь бараг боломжгүй үзэгдэл. Ингэснээр иргэн-төрийн хооронд зай үүсэж, ил тод байдал ч үгүй, оролцоо ч үгүй, хяналт ч үгүй болох шалтгаан болж байгаа юм. ИТХ, Иргэдийн нийтийн хурлаа сонирхдог, хурлын тэмдэглэл, хэлэлцсэн асуудал, гаргаж буй шийдвэрийг нь анзаардаг иргэд байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ утгаараа төрийн аппарат нь намын аппарат шиг болж, иргэний улс бус харин намын улс болох том шалтгаан болж ирсэн. 

- Тэгэхээр хамгийн түрүүнд яавал дээр гэж?

- Бид суурь асуудал буюу нээлттэй, ил тод байдлыг өөрөөр хэлбэл, засаг захиргааныхаа үйл ажиллагаанд оролцоход хялбар, нээлттэй байдлыг хангахгүйгээр орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг шинэчилж, үр ашигтай болгож чадахгүй. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд байдаг буюу давхар дээлтэй байдаг явдлыг сүүлийн жилүүдэд Үндсэн хуулиараа хэд хэдэн удаа нааш цааш болголоо.

Орон нутгийн засаг захиргааны хувьд давхар дээл бол энгийн үзэгдэл, соёл болчхоод байна. Энэ бол буруу жишиг. Засаг дарга гүйцэтгэх засаглалаа хэрэгжүүлж гүйцэтгэх ёстой. ИТХ нь хянах ёстой. Гэтэл ИТХ-ын гишүүд нь гүйцэтгэх засаг захиргаандаа алба хашаад эхэлдэг. Ингээд засаг дарга ИТХ-даа хүч түрэн асуудлаа батлуулах, хяналтаас мултрах боломж бий болчхож байгаа юм.

ИТХ-ын гишүүд эрх мэдлээ хэрэгжүүлэх улс төр, эдийн засгийн баталгаа тун тааруу байна. Энэ согогийг давын өмнө арилгах шаардлагатай. 

- Намууд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа энэ долоо хоногт үргэлжилж байна. Намууд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх, бодлогын хувьд ямар бодлого дэвшүүлж, яаж ажиллах нь тодорхойгүй байна. Ер нь сонгогчид юунд үндэслэж сонголтоо хийвэл зөв бэ?

- Дээр дурдсанчлан хүмүүс орон нутгийн засаг захиргаа хэрхэн ажилладаг тухай ойлголт бага, нөгөө талаар орон нутгийн засаг захиргаа нь иргэдийг оролцуулах боломж бололцоог бага олгож байгаагаас энэ сонгууль намын гишүүд хоорондын ажлын байр олж авах сонгуулийн хэмжээнд оччихжээ. Орон нутгийн сонгуулийн ирцийг харвал “ичмээр дамшиг” шүү дээ. Энэ согогоо засаагүй байхад аль нэг нам, хүнийг мянга онцлоод нэмэргүй.

Шуудхан хэлье, энэ гажиг тогтолцоог залруулна, иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангана гэсэн нэр дэвшигчийг дэмжих хэрэгтэй. Бусдаар бол элдэв сургууль, цэцэрлэг, зам гүүр барих аж ахуйн асуудал явж ирсэн жамаараа л явна. Нэг их том өөрчлөлт гарахгүй дээ. 

- Сонгуулийн санал авах өдөр баасан гарагт товлогдсон нь сонгуулийн ирцэд шууд сөргөөр нөлөөлнө гэдэг дээр шүүмжлэлүүд хөвөрдөг. Орон нутгийн сонгуулийн ирц жилээс жилд асуудал болсоор эцэстээ ирцийн босгогүй үр дүнг хүлээн зөвшөөрдөг болж өөрчилсөн. Энэ нь зарчмын хувьд хэр вэ. Ер нь УИХ-ын сонгуультай жил энэ сонгуулийг зохион байгуулах нь таныхаар зөв үү?

- Зарчмын суурь асуудлаа шийдээд, иргэд яаж оролцохоо мэддэг, араас нь шаардлага тавьж чаддаг, ил тод байдлаа хангадаг болоод эхэлбэл хүмүүс аяндаа оролцож эхэлнэ. Тэр цагт сонгууль баасан гарагт эсвэл амралтын өдөр байх гэдэг ерөөс том асуудал биш.

Гол нь хүмүүс сонгуульд оролцоод бодитой өөрчлөлт авчирч чадна гэдэг итгэл үнэмшилтэй болох нь чухал. Ийм итгэл үнэмшил байгаа цагт аль өдөр авах, УИХ-ын сонгуулийн жил таарах зэрэг чухал асуудал биш. 

Орон нутгийн сонгуулийн ирцийг харвал “ичмээр дамшиг” шүү дээ. Энэ согогоо засаагүй байхад аль нэг нам, хүнийг мянга онцлоод нэмэргүй

Ирц яагаад муу байдгийн суурь шалтгаан тодорхой харагдаж байгаа байх. Ингээд сонгууль жаран чавганцын уралдаан болж, хатуу гишүүнчлэлтэй намаас “халзан цагаан хонь” дэвшсэн ч сонгогддог. Тэр нь ердөө нийт санал өгсөн сонгогчдынхоо 30-40%-иар л ялаад гараад ирдэг. Ийм л наадам болдог болоод удлаа. Өөрчлөгдөх өнгө янз ч харагдахгүй байгаа нь харамсалтай. 
Манай эрх барьж ирсэн хоёр том намыг “Зөвлөлт маягийн нам” гэж судлаачид дүгнэсэн байдаг.

Шинээр гарч ирж байгаа улс төрийн намууд ч мөн нөгөө хоёроосоо ялгарах юмгүй авирлаж байна. Ийм үед орон нутгийн сонгууль намын аппарат хүчээ зузаатгах хэрэгсэл төдий болохоос биш, иргэдийн төлөөлөл, дуу хоолой болно гэдэгт итгэх аргагүй. Гарах гарц нь сууриа засах. Өөр ямар ч аргагүй.

- Орон нутгийн сонгуулийг хэт улс төржүүлэх нь эсрэгээрээ аюултай гэдэг. Сонгуулийг улс төрийн процесс гэж ойлгодог. Тэгвэл хэм хэмжээг хэрхэн баримталбал зохих вэ?

- Энэ асуултын хариулт өмнөх гурван асуултад хариулсан агуулгаас ойлгомжтой болох байх. Орон нутгийн сонгуулийг улс төржүүлээд байгаа юм биш, угаасаа орон нутгийн засаг захиргааны бүтэц, зохион байгуулалт нь иргэдийн оролцоог тушчихсан, иргэдийн оролцоо, мэдлэгийг боомилсон учраас энэ хөрсөнд зөвхөн улстөржсөн ургамал л ургана шүү дээ. Эрүүл хөрс тарихгүй л бол, иргэний засаглал бус намын засаглал ноёлдог социализмын үлдэгдэл үргэлжлэх болно.

Саяын УИХ-ын сонгуулийн дараах их эвсэл сонгуулийн ирцийг эрс бууруулах болов уу. Ингэвэл хатуу гишүүнчлэлтэй гол хоёр нам нэмээд хавчуулагдсан нэг нам суудлаа хувааж авах байх. Тэд энэ статусаа үргэлжлүүлэн барихыг хүснэ. Гэхдээ жинхэнэ гуравдагч хүчин болохыг хүсэж буй нам, эсвэл улс төрд шинэ соёл, өв үлдээхийг хүсэж буй залуу улстөрчид энэ гажиг системийг одооноос онилж, сонгогчдодоо ойлгуулж чадвал тоглоомын дүрмийг өөрчлөх талтай.

- Шинэ нам эвсэл, залуу улстөрчид өөрөөр байж шинэ соёл, өвийг бий болгох хэрэгтэйг та хэлж байна. Тэгвэл иргэд бас ямар мэдрэмжтэй оролцвол зөв бол?

- Намууд өөрсдөө тэсэж үлдэж, олон нийтийн дэмжлэгийг авахыг хүсэж байвал өөрсдөө манлайлал үзүүлэх хэрэгтэй.

Миний ойлгож байгаагаар, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөөгүй учраас 2020 оны сонгуулиар явагдаж байх. Дор хаяж хүйсийн квот дээр 2020 оных 20 хувийн квотыг тааз гэж баригдалгүй дэлхий нийтийн хандлага, өнгөрсөн УИХ-д үзүүлсэн амжилтаа бататган 30 хувиас буулгахгүй, бүр орон нутгийн онцлогтоо тааруулж түүнээс давуулан тэгш оролцоогоо хангах ёстой. Ер нь жижиг эрх ашигт баригдалгүй, том эрх ашгаа харж манлайлал үзүүлж байж улс төрийн намууд иргэдийн итгэлийг авна. 

Жинхэнэ гуравдагч хүчин болохыг хүсэж буй нам, эсвэл улс төрд шинэ соёл, өв үлдээхийг хүсэж буй залуу улстөрчид энэ гажиг системийг одооноос онилж, сонгогчдодоо ойлгуулж чадвал тоглоомын дүрмийг өөрчлөх талтай

Нөгөө талд сонгуульд оролцох иргэд улс төрийн намуудыг ямар итгэл үнэмшилтэйгээр, хөгжлийн том зургийг зурж байна тийм улс төрийн хүчинд итгэл үзүүлнэ, үгүй бол бид сонгуулиар дүнгээ тавина гэдгээ илэрхийлэх хэрэгтэй.

Доогуур нь яриад юу ч бүтдэггүй, дээшээ барьж зууръя гээд байвал урагшлахгүй байгаа энэ хэвээрээ л үлдэнэ. Иргэд бидний өдөр тутмын амьдрал, асуудлыг шийддэг энэ сонгуульд ач холбогдол өгч байж, өөрчлөгдөх болохоор наад зах нь хуульдаа өөрчлөөгүй ч иргэдийн итгэлийг авч, аймгийн хурлын төлөөлөгч болчхоод эргээд тамгын газар нэг албан тушаалын гол болж дөрвөн жил амь зуух хүнийг сонгохгүй ээ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Илэрхийлдэг ч байх хэрэгтэй. Төрийн институциуд юу хийдэг ялгааг мэдэж, тэр хүрээнд үүргийг нь нэхдэг болох хэрэгтэй байна даа. 

 

Ярилцсан: Сэтгүүлч Б.Солонго