Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх долоо хоногт Монгол улсад айлчлахаар болсныг Кремль зарлав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Монгол улсад айлчлахаар болсныг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр албан ёсоор зарлажээ.

Есдүгээр сарын 3-ны өдөр тохиох уг айлчлал нь 2023 оны гуравдугаар сард түүнийг баривчлах шийдвэр гаргасан Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүх (ОУЭХШ) -ийн гишүүн оронд хийж буй анхны айлчлал болж байна.

Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт Путинийг сэжигтнээр татан баривчлах шийдвэрийг ОУЭХШ гаргасан юм.

Ийм шийдвэр гарсан тохиолдолд тус шүүхийн гишүүн орнууд сэжигтнийг өөрийн газар нутагт ирвэл баривчлах үүрэг хүлээдэг.

Гэхдээ ОУЭХШ-ийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх механизм байдаггүй.

Үүний хамгийн алдартай жишээ нь Суданы дарангуйлагч асан Омар аль Баширийг 2015 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ)-д айлчлахад баривчлаагүй өнгөрсөн нь хүний эрхийн байгууллагууд болон Суданы сөрөг хүчнийхний ширүүн шүүмжлэлтэй тулгарч байв.

Кремлиэс өчигдөр гаргасан мэдэгдэлд Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Путин айлчлах бөгөөд “Халхын голд Японы милитаристуудыг Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчин ялсны 85 жилийн ойн арга хэмжээнд оролцох зорилготой” гэжээ.

Мөн тэрбээр Хүрэлсүх болон Монголын бусад өндөр албан тушаалтнуудтай уулзах гэнэ.

Украины хүүхдүүдийг хулгайлсан хэрэгт Путинийг ОУЭХШ буруутгаж байв.

Тус шүүх түүхэндээ анх удаа НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван улсын нэгний удирдагчийг баривчлах шийдвэр гаргасан нь энэ байлаа.

“Украины эзлэгдсэн бүс нутгаас хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан, хүүхдүүдийг ОХУ-д хууль бусаар шилжүүлсэн дайны гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх” шийдвэрийг ОУЭХШ гаргасан юм.

Кремль тухайн үед баривчлах шийдвэрийг “хүчин төгөлдөр бус” гэж мэдэгдэж байв.

Шийдвэр гарснаас хойш Путин ОУЭХШ-ийн гишүүн оронд ганц ч удаа айлчлаагүй байгаа.

Өнгөрсөн онд ОУЭХШ-ийн гишүүн орон ӨАБНУ-д зохион байгуулагдсан БРИКС-ийн дээд хэмжээний чуулганд Путин биеэр оролцоогүй юм.

Үүний өмнө ӨАБНУ-ын эрх баригчид Путинийг ирүүлж, эвгүй байдалд орохгүйн тулд хэдэн сарын турш Москватай хэлэлцсэн гэдэг.

Үүний үр дүнд Путин биечлэн оролцохоо больж, видео холбоогоор оролцсон юм.

Өнгөрсөн онд Оросын хуучин холбоотон Армени улс ОУЭХШ-д элсэх хүсэлт гаргасан нь Москвагийн эрх баригчдыг бухимдуулж байв.

Тэр үед хоёр улсын хооронд үүссэн маргаан зөрчлийг намжаах зорилгоор Арменийн албаныхан Путинийг ирвэл баривчлахгүйгээ Москвад амлаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press