Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Ганхуяг: Чингис хаан банк хэнийх болоод хууль хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Эрсдэлд орж болзошгүй ₮200 тэрбум байршиж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа билээ. 

Энэ үеэр Чингис Хаан банктай холбоотой аудитын дүгнэлтийн талаар Монголбанкны төлөөллөөс УИХ-ын гишүүн асуулт асуув.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Чингис хаан банктай холбоотой олон асуудал байна. Муу авлага, зээл нь 100 тэрбум, эрсдэлд орж болзошгүй 200 тэрбум төгрөг одоогоор байршиж байна.

Хэн гэж хүний, ямар банк болоод Төв банк хууль хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Өөр арилжааны банк байсан бол та нар БЭТ томилоод учрыг нь олчихдог. Гэтэл яагаад Чингис хаан банк дээр очоод хуулиа хэрэгжүүлэхээ больчихдог юм бэ. 

"Бэрэн групп" ХХК-д 239 тэрбум төгрөгийн зээлийг хэн гэж сайд олгосон бэ. Сангийн болон Барилга, Хот Байгуулалтын сайдын тушаалаар зээл олгосон боловч одоо мөнгөө авч чадахгүй байна.

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Чингис Хаан банканд Нийгмийн даатгалын сангийн 96.5 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30.9 тэрбум төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй байгаа. 

Чингис хаан банкны зохистой харилцааны шалгуур үзүүлэлтүүд сүүлийн гурван жил зөрчигдөөд явж байгаа. Гэхдээ энэ банк шинэ хувьцаа эзэмшигчидтэй болно гэх мэдээллийг Төв банканд ирүүлдэг. Зарим тохиолдолд шинэ хувьцаа эзэмшигчийн уулзалт хийх, эх үүсвэр шалгуулах зэргээр Монголбанканд ханддаг. 

Энэ тохиолдолд шинэ хувьцаа эзэмшигчидтэй болж, өөрийн хөрөнгө нь сайжирч, үйл ажиллагаа хэвийн болсон тохиолдолд татан буулгахгүй байх дүрэм журамтай. 

Монголбанкнаас балансаа агшаа, зээлийн барьцаанд буй хөрөнгийг зарж борлуулах, үүнээс олсон орлогыг хуульд зааснаар эргэн төлөлт хийх шаардлага тавьдаг.

Эргэн төлөлт хийх, өр төлбөр төлөх дарааллын дагуу Засгийн газрын болон төрийн өмчит компаниудын данснууд хойно бичигддэг учраас эргэн төлөлт хийгдэхгүй явж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Танд хүргүүлсэн аудитын дүгнэлтэд яг одоо 200 тэрбум төгрөг байршиж байна гэж орсон. Хөгжлийн Банкнаас 50 тэрбум төгрөг авсан гэдгийг олон нийт мэдэж байгаа.

Та зөвхөн Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ярьж байна. Өөр төрийн өмчит компаниудаас хэдэн төгрөг байршиж байгаа вэ. Чингис хаан банкны асуудал ярихаар та нар хүмүүсийг төөрөгдүүлсэн буруу зөрүү мэдээлэл өгөөд байгаа юм. 

Банкуудын харилцах дансны дээд хүүг гурван хувиар тогтоосон асуудал байгаа юу Ган-Очир оо. 200 тэрбум төгрөг байршуулаад энэ банкийг аврах үйл ажиллагаа явуулаад байгаа юм уу. 

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Аудитын газрын дүгнэлтээр гарч буй дүнг хүлээн зөвшөөрч байна. Энэ доторх нарийн задаргаа надад яг одоо байхгүй. 

Банкуудын харилцах дансны хүүг Санхүүгийн тогтвортой зөвлөлийн гишүүн байгууллагуудын тогтоосон үйлчлэл одоогоор явж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 2011 онд 94 тэрбум төгрөг байршуулж муу зээлийн ангилалд орсон. 2014, 2015, 2016 онд дахиж зээл олгосон. Өмнөх зээлүүдээ авч чадахгүй, муу ангилалд орчихсон, дээр нь төрийн өмчит компаниудын 200 тэрбум төгрөг байршуулчихсан байна. 

Яагаад Чингис хаан банк дээр ирэхээр хууль нь хэрэгжихгүй больчихдог юм бэ. Яг тодорхой хариулна шүү Ган-Очир оо. 

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Байршуулалтай холбоотой асуудал бол төрийн байгууллага, сангийн үйл ажиллагаа юм. Монголбанкны хувьд тухайн банкны хэвийн үйл ажиллагаа, харилцагчийн эрх ашгийг хамгаалахын тулд дүрэм журмыг мөрдүүлдэг.

Тухайн банкны хууль дүрмийн хэрэгжүүлэлтийг миний ярьсан шалтгаануудаар хойшлуулах үндэслэл хууль журамд байгаа учраас хойшлуулж байгаа.