Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЭСЯ: ОХУ-д суралцах оюутнуудын анхааралд

Б.Манлай
2024 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан ОХУ-ын их, дээд сургуульд суралцахаар ирж буй иргэд, оюутнууд, мөн түүнчлэн тус улсад түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутнуудад зориулан ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас зөвлөмж гаргажээ.


ОХУ-д зорчиж явахдаа ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбогдуулан хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Ялангуяа Украинтай хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад онцын шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг анхааруулж байна. Тухайн бүс нутгуудад байгаа иргэд, оюутнууд дээд зэргийн сонор сэрэмжтэй байж, аливаа санал хүсэлт байвал тус ЭСЯ-нд шууд хандана уу.

ОХУ-ын хилээр нэвтрэхэд бичүүлж олгодог цагаачлалын картыг (миграционная карта) хаяж үрэгдүүлэхгүй байх.

"ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах эдийн засгийн нэмэлт арга хэмжээ"-ний тухай 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын хилээр бэлэн мөнгө гаргахад гаалийн хязгаарлалт тогтоосон бөгөөд нэг хүнд ногдох хэмжээ нь 10,000 ам.доллартой тэнцэх хэмжээний гадаад валютаас илүү байж болохгүйг анхаарах.

ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д зааснаар тус улсад 90 хоногоос дээш хугацаанд оршин суух гадаадын иргэд бүртгэл хийлгэж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, улмаар хурууны хээ, гэрэл зургаа авхуулж бүртгүүлэх үүрэгтэйг анхаарч, цаг хугацаанд нь зохих журмын дагуу гүйцэтгэхэд анхаарах шаардлагатай.

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-ын нутаг дэвсгэрт оршин суух боломжгүй болж, виз, бүртгэл зэрэг сунгагдахгүй тул Та бүхнийг, ялангуяа оюутан залуучуудыг хуульд заасан хугацаанд нь бүртгэлд хамрагдахыг зөвлөж байна.

ОХУ-д шинээр суралцах болон үргэлжлүүлэн суралцах гэж байгаа оюутнууд тухайн сургуулиас тогтоосон дүрэм, журам (“Сургуулийн дотоод журам”, “Дотуур байрны журам” болон бусад шаардлага)-ыг чанд мөрдөн хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарна уу.

Эдгээр зүйлсийг сайтар судлан үзэж, хэрэв Танд энэ талаар мэдээлэл, ойлголт хомс байгаа бол тухайн сургууль, байгууллагынхаа холбогдох нэгж, ажилтнуудад нэн даруй хандаж мэдээлэл, зааварчилгаа авахыг зөвлөж байна.

Тухайн сургууль, байгууллагын холбогдох алба, тэдний ажилтнуудаас өгч буй зааварчилгаа, зөвлөмжийг сайтар судлан үзэж, ном ёсоор нь хэрэгжүүлэхэд анхаарна уу.

Оюутан залуучууд ОХУ дахь Монгол Оюутны Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, Холбооны зүгээс эрхлэн явуулдаг төрөл бүрийн судалгаа, бүртгэлд хамрагдаж байхыг уриалж байна.

Эдгээр асуудлаар болон бидэнтэй холбоо барих шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ, ЭСЯ-ны Консулын хэлтэст хандаж холбоо барихыг зөвлөе.

  • Элчин сайдын яам ​+7(495)690-67-92
  • Консулын хэлтэс ​+7(499)241-15-48
  • moscow@mfa.gov.mn, эсхүл mongolconsul@gmail.com цахим шуудангаар хандана уу.