Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих нөхөн сэргээх эмчилгээ бүхий чийрэгжүүлэлтийн танхим байгуулах төсөл”-ийн нээлт боллоо

ikon.mn
2024 оны 8 сарын 27
ikon.mn
Зураг зураг

Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих нөхөн сэргээх эмчилгээ бүхий чийрэгжүүлэлтийн танхим байгуулах төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

Төслийн нээлтэд НЗДТГ, Канад Улсын ЭСЯ, Канад сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Энэрэл эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

зураг
 

НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр: “Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх, эрүүл мэнд, боловсролд анхаарах, хөдөлмөрт бэлтгэхэд чиглэсэн олон талт ажлуудыг хийж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 800 орчим орон гэргүй иргэд байгаа гэсэн тоо мэдээлэл байна.

Тус төвд жилд 150-200 орчим иргэн шинээр бүртгэгдэж, 500-600 иргэн үйлчилгээ авч байна. Үйлчилгээ авдаг иргэдийн 80 гаруй хувь нь үе мөчний болон бусад өвчлөл ихтэй байдаг учир сэргээн засах эмчилгээний тусгай танхим нээгдэж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаад баяртай байна." гэв. 

зураг
 

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шүфани: "Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад Сан (ОНСДКС) хөтөлбөр нь Канад улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж байна. Канад улсын албан ёсны Хөгжлийн Туслалцааны жагсаалтад Монгол Улс 1997 оны 4 дүгээр сард орсноос хойш Канад сан Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш Монгол Улсын 21 аймаг, сумд болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд амьдардаг нийгмийн хамгийн их хэрэгцээтэй бүлгүүдэд чиглэсэн жижиг, дунд хэмжээний төслүүдэд нийт 8 сая канад долларын санхүүжилтийг зарцуулаад байна.

Энэ жил Канад сан нийт 270 гаруй төсөл хүлээн авснаас 14 төсөл төсөл шалгарсны нэг нь "Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан физик эмчилгээ болон бусад шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилго бүхий чийрэгжүүлэх, сэргээн засах танхим байгуулах энэхүү төсөл юм. Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлдэг иргэдэд зориулсан шинэ төслийг амжилттай нээж байгаадаа баяртай байна” гэлээ.

зураг
 
зураг
 

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг: "Тусгай төв нь орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжиж ажилладаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний цор ганц байгууллага юм. Төвөөр үйлчлүүлж буй иргэд чийрэгжүүлэх, сэргээн засах, шарах, утах зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Төслийн хүрээнд төвд 25м2 өрөөг иж бүрэн засвар хийж, 10 гаруй нэр төлийн нөхөн сэргээх эмчилгээ, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжөөр хангагдсан орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн энэхүү төслийн дэмжиж, санхүүжүүлж буй Канад Улсын ЭСЯ, Канад сан хамтран ажиллаж буй бусад байгууллагад талархал илэрхийлье." хэмээв. 

 

Эх сурвалж: Нийгмийн хамгааллын тусгай төв