Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэлний багш: Бид олон жил агуулгад суурилж ирсэн бол олон улсын хөтөлбөр нь хүүхдэд ямар чадвар эзэмшүүлэх вэ гэдэгт төвлөрч байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бага ангиас англи хэл заах эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотойгоор 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 100 сургуулийн 3 болон 4 дүгээр ангийн сурагчдад туршилтаар англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан сонгогдсон 100 сургуулийн 3, 4 дүгээр ангид англи хэл заах багш нарын сургалт болж байна. 

Дөрвөн хоног үргэлжлэх энэ сургалтаар багш нарт Pearson англи хэлний цогц хөтөлбөр, хөтөлбөрт ашиглах сурах бичиг, түүний агуулга, англи хэлний хөтөлбөрийн дагуу хичээл заахад шаардлагатай ур чадварт суралцаж тус хөтөлбөрийн цахим платформтой танилцан, дадлагажиж байгаа аж. 

Боловсролын ерөнхий газрын Гадаад хэлний багшийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Алдармаа "Бүх нийтийн англи хэл суралцахуйг дэмжих арга хэмжээ засгийн газрын 372 дугаар тогтоолын хүрээнд англи хэлний багш нараа үе шаттай сургалтуудад хамруулж эхэлсэн. Багш нараа хангалттай бэлдчихсэн учир платформд суурилсан хөтөлбөрийг туршиж үзэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуулийг сонгож туршилт явуулж үзсэн.

Боловсролын судалгааны үндэсний төвөөс эдгээр сургуульд ахиц гарсан гэж дүгнэсний дагуу 2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн 667 сургуулийн 5,6-р ангийн сурагчдад англи хэлний "Pearson" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Дижитал эриний хүүхдүүдэд цаасан суурьтай хөтөлбөрөөс илүү дижиталд суурилсан хөтөлбөр илүү үр өгөөжтэй байсан. 

Иймд энэ жил 3,4-р ангийн сурагчдад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нийслэлийн 100 багшийг танхимаар, орон нутгийн 100 багшийг онлайнаар бэлдэж байна. Бага ангийн сурагчдад тоглоомоор суралцах аргазүйд суурилж байна" гэв. 

93-р сургуулийн англи хэлний багш Б.Золзаяа "Анх удаагаа бага ангийн хүүхдүүдэд англи хэлний хичээл орох гэж байгаа нь их сонирхолтой санагдаж байна. Бага насны хүүхэдтэй ажиллаж сураагүй учир анги дотроо хэрхэн зохион байгуулалт хийх, хүүхдүүдийнхээ сонирхлыг төрүүлж сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулах зэрэг дээр бэрхшээл гарч ирэх байх гэж бодож байна. Бодит бэрхшээл сургалтын үйл явцад л илүү тод харагдах болов уу. 

Одоо хэрэгжүүлэх гэж буй олон улсын англи хэлний хөтөлбөр нь илүү чадвар дээр суурилж явдгаараа сонирхол татаж байна. Бид маш олон жил агуулгад суурилж хичээлээ зааж ирсэн бол олон улсын хөтөлбөр нь тухайн хүүхдэд ямар чадвар эзэмшүүлэх вэ гэдэг дээр төвлөрч түүндээ чиглэсэн сургалтын материал, хэрэглэгдэхүүнээ хангалттай өгчихсөн цахим багцтайгаа цогц байгаа нь давуу тал байна гэж харж байна" гэв.