Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо “Ногоон ирээдүйн төлөө” уриатайгаар наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжилж, гадаад улсаас салбар бүрийн манлайлагч 200 гаруй эмэгтэй, Монгол Улсаас 600 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Чуулганд SpaceX-ийн стратегийн харилцааны зөвлөх, Оксфордын их сургуулийн хиймэл оюун ухааны бодлого судлаач Б.Болор-Эрдэнэ оролцож, "Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө" салбар хуралдаанд оролцож "Girls Code" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулжээ.
Тэрбээр "Бидний нэг санаачилга охид код бичих программ буюу "Girls Code" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Энэ нь 2.5 сарын турш код бичихийг сургах хөтөлбөр.
2021 оноос эхэлсэн уг хөтөлбөрт хөдөө орон нутгийн охидыг хамруулсан юм. Хөтөлбөрт хамрагдсан 110 хүүхдээс MIT, Харвардын сургуульд суралцахаар явсан байгаа.
Мөн код бичих тэмцээнүүд зохион байгуулдаг нь жижиг гэлтгүй охидод их тусалдаг.
Тухайлбал төгсөгчидтэй уулзахад нэг охин аппликэйшн хөгжүүлээд программ хангамжийн компанид худалдаж, мөнгө хийж эхэлсэн байна.
Өнгөрсөн жилийн төгсөгчдөөс "Alarm" аппликэйшн гаргасан охид байгаа. Энэ нь өсвөр насныханд зориулсан бөгөөд сэтгэл санаа тавгүй үедээ уг аппликэйшнээр найз, нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбогдож, туслалцаа авах боломжтой болжээ.
Энэ жилийн "Girls Code" хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж ажиллаж байна" гэж дурдав.
Б.Болор-Эрдэнэ нь 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар ажиллаж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!