Уншиж байна ...

Энэбишийн Золзаяаг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурал(УИХ)-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг сонсжээ.

Нэр дэвшигч Энэбишийн Золзаяагийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг хуралдаанд танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл … Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөхөөр сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна" гэлээ.

Нэр дэвшигч Э.Золзаяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай. Эмэгтэй, ам бүл 4.

  • 1978-1988 онд нийслэлийн 18 дугаар сургууль,
  • 1988-1994 онд ОХУ Москва хот дахь Нийтийн ахуй, үйлчилгээний улсын академийн инженер техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
  • 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж,
  • 2009-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.
  • 1999-2004 онд Нийслэлийн шүүхийн Тамгын газар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч,
  • 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч,
  • 2013-2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэгдүгээр шүүхийн шүүгч,
  • 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч
  • 2015 оноос нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа.

Нэр дэвшигч төрийн албанд 24 жил 7 сар, шүүгчээр 19 жил 9 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажиллаж байгаа аж.

Хууль зүйн байнгын хороо ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх саналтай танилцсан бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг сонссон талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.