Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Рэгдэл: Эг, Шүрэнгийн цахилгаан станцыг хоёуланг нь хамтад нь Оросууд хэзээ ч дэмжихгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл ирээдүйд баригдах усан цахилгаан станцын төслүүдийн талаар тодруулав.

Тэрбээр “14 том төслийн дунд Эгийн голын 314 мВт-ын усан цахилгаан станц байгуулах асуудлыг оруулж ирсэнд баяртай байна. Үүнийг барих асуудал нь цаанаа том асуудал дагуулж байгаа. ОХУ-ын зүгээс НҮБ болон ЮНЕСКО-д Байгаль нуурын эко системд нөлөөлнө гэдэг үндэслэлээр асуудал тавиад Дэлхийн өвийн хороо хориг тавьчихсан. Үүнийг цааш нь явуулахын тулд Засгийн газартаа санал боловсруулж өгсөн оросын эрдэмтэдтэй нь ажиллах асуудал байгаад байна. Би тэр эрдэмтдийг олсон. ШУА-ын зүгээс тэдгээр эрдэмтдийг Монголд хоёр удаа авчраад, оросод хоёр удаа очиж ярилцлага хийсэн.

Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулаад, мөнгө төгрөгийг нь тусгачихвал цааш явах боломжтой.

Энэ төслийг дагаж орж ирж байгаа Шүрэнгийн цахилгаан станцын төсөл байна. Байнгын хороон дээр би үүнтэй холбоотой санал гаргасан ч хасагдсан байна. Эгийн голын цахилгаан станц, Шүрэнгийн цахилгаан станцыг зэрэг яривал Орос хэзээ ч дэмжихгүй нь ойлгомжтой. Хоёулаа Сэлэнгийн бассейн дээр баригдах учраас. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс Шүрэнгийн цахилгаан станцыг хасъя гэдэг саналыг би байнгын хороон дээр гаргаад дэмжигдсэн ч энэ заалтыг буцаагаад оруулсан байна. Үүнийг тодруулъя” гэв.

Д.Рэгдэл гишүүний асуултад тэргүүн шадар сайд дараах хариултыг өглөө.

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Шүрэнгийн цахилгаан станцтай холбоотой заалтыг буцааж оруулж ирсэн нь энэ хоёр цахилгаан станцын төсөл аль аль нь байж байг үзсэнтэй холбоотой. Энэ бол хэлэлцээр. Бид Эгийн голтойгоо үлдэх ёстой. Гэхдээ аль алийг нь зорилт болгож дэвшүүлж байж аль нэг нь үлдэнэ гэж шийдсэн” гэлээ.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Д.Рэгдэл "Бодит амьдрал дээр энэ хоёр төслийг оросуудтай л ярьж байж барих эсэхээ шийднэ. Энэ хоёрыг зэрэг тавих юм бол орос ярихгүй байх магадлал өндөр. Би оросуудтай ярьдаг учраас үүнийг хэлж байгаа юм. Бодолцоно биз дээ" гэв.