Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Очирбат: Сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний найман тохиолдол шинээр бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл Мэндийн Яамнаас/ЭМЯ/ улаанбурхан өвчний дэгдэлттэй талаар өнөөдөр мэдээллээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн найман тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар ихсэж байна.

Улаанбурхан өвчний өмнөх дөрвөн тохиолдолтой нийлээд нийт 12 тохиолдол бүртгэгдлээ. 

ЭМЯ-наас улаанбурхан өвчнийг ялган оношлох сургалтуудыг аймаг, дүүрэг, сумын анхан шатны эмнэлгийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Анхан шатны эмнэлэгт вакцинжуулалт хийж байна.

Баян-Өлгий аймаг руу хоёр дахь ээлжийн зөвлөн туслах багийг явуулж, ажиллуулж байна. Тус аймагт голомтлон гарч байгаа тохиолдлуудыг илрүүлэх, тохиолдлуудыг вакцинд хамруулах ажил 86%-тай байна. Улаанбурхан өвчний товлолын вакцинаа хийлгээгүй 1,500 хүүхэд, жирэмсэн эхчүүд, 0-9 сартай хүүхдийн судалгааг гаргаж, 3,300 хүнийг энэ долоо хоногт вакцинжуулж дуусгана.

Баян-Өлгий аймаг болон баруун аймгуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд, аялал жуулчлалын бүс Цэнгэл суманд байрших Алтай Таванбогд руу явж байгаа жуулчид болон дотоодын аялагчдад зөвлөмж, зөвлөгөөг хүргэх, их, дээд сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан алслагдсан аймгуудаас Улаанбаатар хот руу ирж буй иргэдэд тандалтын шинжилгээ хийх, шинж тэмдгийн урьдчилсан илрүүлэлтийг хийж байна.

Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, ахмад настан, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй иргэд, 0-9 сартай хүүхдүүдийг хамгийн эхэнд вакцинд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа тул вакцин хийлгэхийг иргэдэд уриалж байна. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэсэн тохиолдолд хөнгөн тусах, урьдчилан сэргийлэх боломжтой.

Битүү орчинд байгаа хүн хоёр цагийн дотор улаанбурхан өвчний халдвар авах эрсдэлтэй.

2015, 2016 онд гарсан улаанбурхан өвчний дэгдэлтээр 150 гаруй хүн нас барсан байдаг. Үүний гол эзлэх хувь нь дээрх зорилтот бүлгийн хүмүүс байсан юм" гэв.

Улаанбурхан өвчин гэж юу вэ?

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй 10 хүн тутмын ес нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Ийм харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай.

Улаанбурхан өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Халуурах
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна

Өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Дархлаажуулалтад хамрагдах
  • Биеийн эсэргүүцлээ сайжруулж, дархлаагаа дэмжин ажил амралтаа зохицуулж, чанартай хоол хүнс хэрэглэх
  • Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар өөрөө болон бага насны хүүхдийг авч явахгүй, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх.
зураг