Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулсан зургаан сумын Засаг даргад арга хэмжээ авч байгаа"

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр хурдан морины уралдаантай холбоотой асуудлаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг танилцуулав. 



Тэрбээр "Өнгөрсөн хавар буюу хориглосон хугацаанд зургаан суманд хурдан морины уралдаан зохион байгуулсныг ХЭҮК-оос баримтаар тогтоосон. 

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Төв аймгийн Сэргэлэн, Баян сум, Дорноговь аймгийн Хатанбулаг, Эрдэнэ сум, Дорнод аймгийн Баянтүмэн суманд хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулжээ. 

Баримтаар тогтоосон учраас ХЭҮК-ын шаардлагыг тухайн аймгуудын Засаг дарга нарт хүргүүлээд нийт дөрвөн сумын Засаг дарга нарт холбогдох арга хэмжээг авсан" хэмээв. 

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд "Комиссын шаардлага, зөвлөмжийг аваад удаа дараа санаатай болон болгоомжгүй, үл хайхарсан байдлаар хэрэгжүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцдог болно. 

Ялангуяа хүүхдийн эрхийг зөрчиж байгаа аймаг, сумдын Засаг дарга нарыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг тухай бүрд тавьж ажиллана. Өнгөрсөн хугацаанд зургаан албан тушаалтан энэ асуудалд холбогдсон. 

Зөрчил он удаан жил давтагдаж байгаа энэ явдалд цэг тавих цаг нь болсон. Тиймээс албан тушаалаас нь шууд чөлөөлөх саналыг хүргүүлэхийг хариуцлагатайгаар хэлье" гэлээ.