Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Даваадалай: Залуучуудад ажил, компаниудад төсөл, улсад бүтээн байгуулалт хэрэгтэй байна

ikon.mn
2024 оны 8 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

2021-2024 оны хооронд Монгол улсын хэмжээнд анхны нүүрс ачих хөдөлгөөнт механизм бүхий “Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв”-ийн төсөл хэрэгжсэн билээ. Бид энэ удаа тус төслийн менежер, инженер Т.Даваадалайтай Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаад буй мега төслүүдийн талаар товч ярилцлаа.

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

- Сайн сайн байна уу? Танд болон нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.

- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр гарсан. Энэхүү хөтөлбөрт өмнөх жилүүдэд хийгдээгүй томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тусгасан байна. Инженер хүний нүдээр эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжих боломжтой гэж харж байна уу?

- 2024 оны УИХ-ын сонгуулиар хамтарсан засгийн газар байгуулж, Монгол улс түүхэндээ хамгийн олон мега төслүүдийг хэрэгжүүлэхээр болж байна. Нэгдүгээрт энэ бол маш зоригтой алхам боллоо. 90 оноос хойш Улаанбаатарт дэвшил үзүүлэх томоохон төслүүд хийгдээгүй. Өнгөрсөн хугацаанд хийгдээгүй гэдэг нь боломжгүй гэсэн үг биш. Эдгээр төслүүд хэрэгжиж болох уу гэвэл бүрэн боломжтой. Гэхдээ хэрхэн яаж гэдэг асуудал байгаа. Сэтгэл хөөрлөөр юм уу эсвэл нэг тогтоол шийдвэр гаргаад болчихдог зүйл биш.

зураг
 

- Шийдвэр гаргаад болчихдог зүйл биш гэлээ. Тэгвэл гарц гаргалгаа нь юу байх бол?

- Өнгөрсөн хугацаанд олон тогтоол шийдвэрүүд гарсан ч төдийлөн хэрэгжээгүй. Тэр бүх алдаанаасаа суралцах хэрэгтэй. Хамгийн эхний алдаа юу байдаг вэ гэхээр хууль эрхзүйн орчин томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулагдаагүй. Ихэвчлэн ажлын явцыг удаашруулах байдлаар зохицуулагдсан байдаг. Богино хугацаанд өгөөжтэй ажиллаад төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх гэхээр хууль зөрчсөн болох гээд, хуулийн дагуу ажиллахаар 3 жилд хийгдэх төсөл 10 жил болж сунах, гацах болдог.

Тэгэхээр Улаанбаатар хотын метро, ган татлагат гүүр, Богд Хан уулын түнел, дэд цахилгаан станц зэрэг төслүүдийг хэрэгжүүлье гэвэл бүтээн байгуулалтад зориулж хуулийн орчноо шинэчлэх хэрэгтэй.

Мөн төрөөс тухайн төслүүдээ маш сайн дэмжиж ажиллах шаардлагатай. Төрөөс дэмжинэ гэхээр бүх ажилд оролцоод байхыг хэлээгүй.

Төрийн яам бүх шатандаа аливаа шийдвэр гаргах явцаа хурдлуулж дэмжин ажиллахыг хэлээд байгаа юм. Яагаад энийг ярьж байна гэхээр төсөл хэрэгжиж байх үед цаг хугацаа маш чухал. Гэтэл энгийн агуулгатай албан тоот төрийн аль нэг агентлаг руу явуулахад зөвхөн хариуцсан даргынхаа өрөөнд орох гэж 14 хонодог. Гэтэл цаана нь бүхэл бүтэн бүтээн байгуулалт гацчихаад ганцхан гарын үсэгтэй хуудсыг хүлээж байдаг. Тиймээс төрийн бүх шатандаа шийдвэр гаргалтаа хурдасгаж мөн хууль эрхзүйн орчноо сайжруулах нь эдгээр төсөл хөтөлбөр хэрэгжих хамгийн том хөшүүрэг болох юм.

- Монгол улсад хэрэгжиж буй томоохон төслүүдийг олон улсын туршлагатай компаниар хийлгэх  тухайд таны хувийн бодол ямар байр суурьтай байдаг вэ?  

- Мега төслүүдийг Үндэсний компани, Монгол инженерээр хийлгэхийг хамгийн зөв гэдэг байр суурьтай. Яагаад гэхээр дотоодын төслүүдэд гадаадын гүйцэтгэгчид орж ирэхээр монголчууд юу хийж байна вэ гэхээр орчуулагч, жолооч, туслах ажилтан л хийж байна. Яг үнэ цэн бүтээдэг ажлаа хийж хөгжих боломж төдийлөн нээлттэй биш. Тиймээс засгийн газар нь үндэсний компаниа дэмжиж ажил хийлгэдэг ингэснээр үндэсний компани хөгжиж  ажилчид, инженерүүд нь ажилтай, туршлагатай болдог дэлхийн жишгийг дагах нь зөв.

Аливаа төсөл хэрэгжүүлэхэд туршлага мэдээж чухал гэхдээ метрогүй улсад дотоодын компаниудаасаа метро барьсан туршлага нэхээд юу ч хийлгэхгүй байвал хэзээ ч бид туршлагатай болохгүй. Монгол хүн төсөл хэрэгжүүлээд хөгжих, гадаад хүн Монголд ирээд цалин аваад ажиллах 2 маш том ялгаатай. Яг одоо монгол залуучуудад ажил, компаниудад төсөл, улсад бүтээн байгуулалт хэрэгтэй байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.