Оксфорд цүнхний албан ёсны дистрибьютор Альфа Азиа ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Хишигмаатай оюутнуудын цагийн ажил эрхлэлт түүний давуу талын талаар ярилцлаа.
- Сайн байна уу? Өнөөдөр бид оюутнуудад зориулсан цагийн ажил эрхлэлт түүний давуу талын тухай ярилцах болно. Цагийн ажил яагаад үнэ цэнтэй боломж байдгийг бидэнд тайлбарлаж өгөх үү?
- Тэгэлгүй яах вэ. Хагас цагийн ажил нь оюутнуудад өөрийн гэсэн орлоготой байхаас гадна олон давуу талыг олгодог. Оюутнуудад цагийн менежмент, хариуцлага, асуудлыг шийдвэрлэх зэрэг амьдралын чухал ур чадварыг хөгжүүлэхэд тусалдаг бөгөөд энэ нь ямар ч карьерт үнэ цэнтэй ур чадварын суурь болно оо.
- Энэ их чухал өнцөг байна шүү. Цагийн ажил нь оюутнуудын мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулдаг вэ?
- Цагийн ажил нь их сургуульдаа олж авсан мэдлэгээ практик дээр туршлага болгон олж авах боломж өгдөг. Жишээлбэл, үйлчилгээний салбарт ажилладаг оюутнууд харилцаа холбоо, хүмүүстэй харилцах чадвараа хөгжүүлдэг. Энэ туршлага нь сургуулиа төгсөөд бүтэн цагийн ажилд ороход наанадаж ажлын ярилцлагад бэлтгэгдсэн байдаг. Нөгөөтээгүүр ажлын хамт олонтойгоо нэг баг болон ажиллах, ямар төрлийн үйлчлүүлэгчтэй харилцах, асуудал шийдвэрлэх чадвартай болох гээд л ашиг тусыг нь тоочвол маш их. Нэмж дурдахад цагийн ажлаа танилцах дадлагатайгаа дүйцүүлэн кредит оноогоо тооцуулах боломж дэлхийн олон улсад хэрэгждэг. Үүнийг Монгол улсад Санхүү эдийн засгийн их сургууль хэрэгжүүлээд эхэлсэн байсан нь талархууштай туршлага юм шүү.
- Цагийн ажил нь оюутны сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж болох талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу? Ажил хийнгээ сурах дэмий гэж боддог хүмүүс олон байдаг шүү дээ.
- Ажиллах нь сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг гэдэг үзэл бодол их байдаг. Гэхдээ энэ нь нэг талдаа шалтаг шиг санагдаж байна. Дэлхийн томоохон улс орнуудад цагийн ажил гэдэг зүйлийг дэмждэг төдийгүй хуулиар зохицуулсан байдаг. Жишээ нь АНУ-ын Калифорнийн их сургууль 7 хоногт заавал хамгийн багадаа 8 цаг цагийн ажил хийх ёстой байдаг. Энэ бол эрэлтэд нийцүүлсэн бодлого юм. Гадаад улсад бол 18 нас хүрээд тусдаа гардаг, биеэ даадаг тул сурангаа ажиллах, санхүүгээ өөрөө зохицуулах шаардлага байгааг илэрхийлж байна. Нөгөө талдаа хувь хүний төлөвшил, хувийн зохион байгуулалттай, сахилга баттай болох цагийн болон санхүүгийн менежмент сайтай болж цагийг үр ашигтай өнгөрүүлдэг. Эдгээр чадварууд нь академик боловсрол олж авахад харин ч тус болох чадварууд гэж харж байна. Ер нь бол ямар ч зүйлийн баланс тэнцвэрийг тааруулах нь чухал. Зундаа ажиллаад өвөлдөө хамгийн сайнаараа хичээгээд сураад байж болно шүү дээ.
- Монгол улсад ер нь ямар төрлийн цагийн ажил хийж болох вэ?
- Монгол улсад түлхүү худалдаа үйлчилгээний салбар мөн судалгааны салбарт их байдаг гэж боддог. Ер нь өөрийнхөө карьерын зорилго, сонирхолтойгоо нийцүүлбэл зүгээр. Судалгааны салбарт туршлага хуримтлуулахыг хүсэж буй хүмүүст энэ бол гайхалтай талбар байж болно. Жишээлбэл, сэтгэл зүйчээр сурдаг оюутнуудад зан төлөв гэх мэт судалгааны ажил хийж болох том боломж. Мөн худалдаа, харилцаа холбоо, бизнес, менежментээр сурдаг оюутнуудад үйлчилгээний салбар тэр чигтээ томоохон туршлага хийх боломж. Ер нь л сайтар хайвал бүх л мэргэжилд хувирч болно л доо. Нэмж хэлэхэд бүх мэргэжил, бүх ажилд борлуулах ур чадвар хамгийн их холбоо хамааралтай. Эмч, багш, хуульч гээд л бүх мэргэжил хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө борлуулахаас эхэлнэ шүү дээ.
- Нэмж тодруулаад асууя. Монголд албан байгууллагууд цагийн ажилтны орон тоонд хэр ханддаг вэ?
- Сая хэлсэнчлэн худалдаа үйлчилгээний салбарт жилээс жилд эрэлт нэмэгдэж байгаа. Гэхдээ албан байгууллагууд бүтэн цагийн ажилтан авах сонирхол их байдаг нь ажлын хариуцлага, цаг барих чадвартай холбоотой байх л даа. Манай залуучуудад энэ талын ур чадвар сул байгаа ажиглагдаад байгаа юм. Гэхдээ хөгжүүлж, сургаж болно шүү дээ. Манай компанийн хувьд цагийн ажилчдадаа Оксфордын их сургуулийн докторант, багш болон бусад салбар салбартаа нэр хүндтэй хүмүүсээр ур чадварын сургалт орж ажлын талбар дээр гаргадаг онцлогтой. Бид оюутнуудаа дэмжих зорилгоор цагийн ажлын хөлсний үнэлгээг 2-2,5 дахин нэмэгдүүлснээр тооцож, өндөр ач холбогдол өгдөг. Ер нь бол хүн өөрийгөө олдог биш бүтээдэг гэдгийн хамгийн том шийдэл нь хөдөлмөр өөрөө байдаг.
- Оюутнуудын цагийн ажил эрхлэх давуу тал, боломжуудын талаар санал бодлоо хуваалцсанд баярлалаа.
- Танд ч бас чухал сэдэв хөндөж ярилцсанд баярлалаа. Зөв арга барилаар, тэнцвэртэйгээр цагийн ажил хийж чадвал оюутнуудын боловсролд цагийн ажил нь үнэ цэнтэй бүрэлдэхүүн хэсэг байх боломжтой юм шүү.
Албан ёсны онцгой эрхтэй Oксфорд сурагч цүнхний facebook хуудсаар зочлохыг хүсвэл: www.facebook.com/OxfordHealthyBagMongolia
Ярилцсан сэтгүүлч Ц.Нарангарав
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!