Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад 15 улсын төрийн дээд албан тушаалтан, 20 гаруй орны эмэгтэй манлайлагч оролцоно"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт"-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын Газар /ЕТГ/, Гадаад Харилцааны Яам /ГХЯ/, болон Нэгдсэн Үндэстний Байгууллага/НҮБ/-ын Суурин зохицуулагч хамтран өнөөдөр мэдээлэл өглөө. 

Уг чуулга уулзалт нь ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох бөгөөд 15 улсын төрийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар болон 20 орчим улсын төрийн бус байгууллага, бизнес, спорт, урлагийн нөлөө бүхий манлайлагчид оролцох аж. 

Тухайлбал өнөөдрийн байдлаар Словени улсын Ерөнхийлөгч, Лаос улсын дэд ерөнхийлөгч, Киргиз улсын тэргүүн хатагтай, Болгар улсын парламентын орлогч дарга зэрэг өндөр дээд түвшний зочид ирэх бол хамтран зохион байгуулагч НҮБ-ыг төлөөлж ерөнхий нарийн бичгийн даргын орлогч тэргүүтэй НҮБ-ын удирдлагууд оролцохоор болсон байна. 

Чуулганд нийтдээ 600 гаруй төлөөлөл оролцох аж. 

Чуулганаар дараах зургаан салбар хуралдаан болох юм байна. 

  • "Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын үүрэг оролцоо" 
  • "Тогтвортой ирээдүй, хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо" 
  • "Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо" 
  • "Жендэрийн тэгш эдийн засаг" 
  • "Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах боловсролын ач холбогдлын нөлөө" 
  • "Спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал" 

Дээрх сэдвүүдийн хүрээнд хийгдэх хуралдааны үр дүнгүүд дэлхийн хэмжээнд бусад томоохон арга хэмжээнүүдэд тусгалаа олоод явна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн манлайлал болон хүйсийн тэгш оролцооны асуудлыг шинэ түвшинд гаргаж цаашид үргэлжлэх эхлэлийг тавина гэж харж байгаа. Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-тай хамтран бахархалтайгаар зохион байгуулах гэж байна гэдгийг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра онцлов. 

Чуулганы хүрээнд тусгайлан НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байгаа эмэгтэйчүүдийн үйл хэргийг харуулсан "Манлайллын 17 төрх" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм байна.