Уншиж байна ...

ЦЕГ: "7-14 хоногт захиалсан бараа таны гар дээр очно" гэж цахимаар залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар онлайн захиалгын залилах гэмт хэрэг 1,131 бүртгэгджээ. Энэ нь нийт цахим залилах гэмт хэргийн 35 хувийг эзэлж байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга нь тухайн залилагч этгээд дараах байдлаар гэмт хэрэг үйлддэг.

Үүнд:

  • Хуурамч хаяг нээх, олон дагагчтай цахим хаяг, хуудас зэргийг худалдан авч тухайн хаягт мэдээлэл оруулж хөгжүүлэлт хийх, 
  • Хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан гутал, хувцас, гар утасны дагалдах хэрэгсэл, тавилга зэргийг зах зээлийн ханшаас доогуур үнээр санал болгох,
  • Өндөр хувьтай хямдрал зарлах, урьдчилгаагаа хийсэн тохиолдолд хувааж төлөх,
  • Захиалсан барааныхаа мөнгийг бүрэн төлсөн тохиолдолд хүргэлт үнэгүй зэрэг таатай нөхцөл болон хялбар худалдан авалт хийх боломжийг бүрдүүлж гэмт хэрэг үйлддэг.

Мөн өөрийн болон бусдын нэр дээрх данс ашигладаг. Хохирогчид бараа нь ирэхгүй тохиолдолд эсвэл цахим хаягаа хааснаар залилуулсан гэдгээ мэддэг.

Энэ төрлийн залилан нь "7-14 хоногийн дотор таны захиалсан бараа таны гар дээр очно" зэргээр хугацаа зааж өгдөг.

Бүтээгдэхүүн гар дээр ирэх хугацаа болоход хил дээр дараалал ихтэй байгаа дахиад долоо хоног хүлээгдэх тул та бүхэн хүлээцтэй хандана уу зэргээр ул мөрөө баллана.

Дараа нь шилжүүлгийн дансыг хааж гадаад улс руу оргон зайлах, эд хөрөнгийг цааш дамжуулах зэргээр үйлддэг.

Энэ төрлийн залиланд өртөхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?
  • Онлайн худалдан авалт хийх гэж байгаа бол хэдий танд жинхэнэ, бодит, үйл ажиллагаа явуулдаг мэт санагдавч урьдчилгаа мөнгө болон, шаардсан мөнгийг тухайн дансанд хийхгүй байх.
  • Залилагчид нь таныг шахаанд оруулж хямдралын хугацаа, бараа бүтээгдэхүүний нөөц дуусах зэргээр яаруулах нь төлбөрөө авах нэг хэлбэр гэдгийг ойлгох.
  • Баталгаат захиалгын газраас бараа, эд зүйл захиалж авах, захиалсан бараа ирээгүй байхад тухайн бүтээгдэхүүний бүх мөнгийг дансанд шилжүүлэхгүй байх, тухайн захиалж буй барааны албан ёсны сайт, цахим хуудас мөн эсэхийг нягталж шалгахыг Цагдаагийн Ерөнхий Газраас зөвлөж байна.
зураг