Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгч байна.
Энэ тухай "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын дүнг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, хүүхдийн хоолны мөнгө 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 2,500-3,000 төгрөг болсон.
Мөнгөн дүн нэмэгдсэнээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ 52, 53 хувьтай болсон билээ. Гэхдээ хүүхдүүдийн гэдэс хонхолзсон хэвээр.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө дахин 1,000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрнэ.
Тэгвэл энэ зардлыг хаанаас гаргах юм бэ?
Хоолны зардлыг хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа ээж, аав нь даана. Жишээлбэл сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт өглөө гэж тооцвол 22,000 төгрөг буюу хоол хийх түүхий эдийнх нь зардлыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр хүүхэд цадах хэмжээндээ хүртэл хоол идэх боломжтой болно.
Таны тушаасан 1,000 төгрөг хүүхдэд тань зориулагдана.
Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт бий. Бид энэ асуудлыг хөндөж яриад найман жил болсон ч шийдэл гараагүй байсан" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!