Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Словени улсын Ерөнхийлөгч наймдугаар сарын 20-21-нд Монголд айлчилна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар наймдугаар сарын 20-21-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. 

Тэрбээр Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцох юм. 

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана.

Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцох юм. 

Түүнчлэн Монгол-Словений хамтарсан тунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойн салбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих төрийн айлчлал нь Словени улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМОНХГ