Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Нямдаваа: Удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт хийдэг болсноор хүнээр яриулдаг, дарга болохоор гуйдаг байсан нь зогсоогдсон

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллага 2023 оны есдүгээр сараас эхлэн удирдах албан тушаалдаа сонгон шалгаруулалт зарладаг болоод буй.

Тухайн онд удирдах түвшний гурван албан тушаалд гурван удаагийн сонгон шалгаруулалт явуулж, зургаан алба хаагч оролцсоноос хоёр нь албан тушаалд томилогдсон байна. Харин энэ онд 78 албан тушаалд 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, 54 хүнийг албан тушаалд томилсон талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа хэллээ. 

Тэрбээр сонгон шалгаруулалтын цар хүрээний талаар "Энэ жилээс эхлэн дотроосоо алба хаагчдыг сонгохоос гадна мэргэжил ур чадвартай төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас нээлттэйгээр урьдаг болсон нь сайн жишиг. Төрийн албаны тухай хууль болон Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, Төрийн албаны зөвлөлөөс баталсан журамд заасан шаардлагуудыг хангаж буй алба хаагчид сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй байдаг.

Тухайн ажлын байранд хууль эрх зүйн бодлогын бичгийн талаарх мэдлэг, асуудалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх зэрэг нийтлэг шаардлагаас гадна сэтгэл зүйн сорил, үнэнч байдал, зан чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоохын тулд полиграфын аппаратаар шалгалт авдаг.

Сонгон шалгаруулалтын дүнг алба хаагчдынхаа группт нээлттэй оруулснаар аливаа маргаан үүсэхээс сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх боломжийг бүрдүүлсэн.

Цаашид удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангасан байхаас гадна хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байдал, илтгэх ур чадварыг шалгуур үзүүлэлтэд нэмэлтээр оруулахаар төлөвлөж байна" хэмээв.

Түүнчлэн тэрбээр сонгон шалгаруулалт хийхийн давуу талыг "Алба хаагчдаас 100 хувь өөрөөс нь шалтгаалдаг болж байна. Өмнө нь хүнээс гуйдаг, эрх мэдэл бүхий хүнээр яриулдаг байдал нь таслан зогсоогдсон. Өөрөөр хэлбэл тухайн удирдах албан тушаалд томилогдохын тулд өөрийгөө хөгжүүлдэг, мэдлэг ур чадвараа дээшлүүлдэг зэрэг эерэг үр дүн гарч байгаа" гэж тодорхойллоо.

Өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн хэмжээнд нийт 12,000 алба хаагч ажиллаж байгаагаас 4.5 хувь нь удирдах албан тушаалын бүрэлдэхүүн эзэлдэг байна.

https://www.facebook.com/policemng/videos/1493504041556409