"Ард санхүүгийн нэгдэл"-ийн захирал Ч.Ганхуяг 2022 оны арванхоёрдугаар сард эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлджээ.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодруулахад "Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан.
Цагдаагийн байгууллагаас тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллага хэргийг хянаж үзээд Ч.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн байгаа.
Ийнхүү тус хэрэгт өнгөрсөн тавдугаар сарын 2-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Яллагдагчийн өмгөөлөгчөөс яллах дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
Мөрдөгчөөс яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягийг удаа дараа дуудсан боловч ирээгүй. Тиймээс шүүгчийн захирамжаар яллагдагч Ч.Ганхуягийг албадан ирүүлэх арга хэмжээ авахаар болсон" гэх тайлбар өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!