Тарваган тахлын байгалийн голомтот нутагт тандалт судалгаа хийсэн талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-өөс танилцууллаа.
Тодруулбал ЗӨСҮТ, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан баг Баян-Өлгий аймагт ажиллажээ.
Тус аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны хил орчмын Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомтот нутагт долдугаар сарын 15-аас эхлэн 21 хоногийн хугацаанд тандалт судалгааг хийж гүйцэтгэв.
Улмаар хил орчмын Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байгааг анхааруулав.
Тандалт судалгааны үр дүнг аймгийн Засаг дарга А.Камелият, Онцгой комиссын гишүүдэд эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийн хамт танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Мөн орон нутгийн радиод тарваган тахал өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар сэрэмжлүүлэг хүргэжээ.
Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!