Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд өрсөлдсөн П.Орхон хүрэл медалийн төлөө олимпын мөнгө (2020), дэлхийн гурван удаагийн аварга (2019, 2021, 2023) Киргизийн Айсулуу Тыныбековатай хүч үзлээ.
Эхний үед зургаан оноо дараалан авсан манай тамирчин хоёрдугаар хагаст зургаан оноо дараалан алдсанаар 6:6 буюу онооны чанараар киргиз тамирчин ялалт байгууллаа.
Эхлээд ардаа алдаж хоёр оноог ойртуулсан А.Тыныбекова барилдааны төгсгөлд буюу цаг дуусахад 29 секундын өмнө давхар хамах мэхээр бүхэл дөрвөн оноо салгаж, тоог тэнцүүлснээр олимпын хошой медальтан болов.
Энэ жингийн нөгөө хүрэл медалийг Норвегийн Грэйс Бюллен хүртсэн юм.
Харин алтан медалийн төлөө Японы Сакүра Мотоки, Украины Ирина Коляденко нар тунаж үлдсэн. Япон тамирчин өрсөлдөгчөө 12:1 оноогоор цэвэр ялснаар алтан медаль хүртлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!