ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос даяар өнгөрсөн сард хамгийн олон “халуун шөнө” тохиожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долдугаар сард Өмнөд Солонгос даяар 8.8 тропикийн буюу халуун орны шөнө тохиосон нь бүртгэл эхэлсэн 1973 оноос хойших хамгийн олон тохиолдол болсныг Баасан гарагт тус улсын засгийн газар мэдээлжээ.

Тропикийн шөнө гэдэг ойлголт нь оройн 6:00 цагаас маргааш өглөөний 9:00 цаг хүртэл агаарын температур Цельсийн 25 хэмээс дээш хэмжээтэй байх үзэгдлийг хэлдэг юм.

Солонгосын Цаг Уурын Хүрээлэнгийн мэдээлснээр 1991 оноос 2020 он хүртэл хугацааны долдугаар саруудад дунджаар 2.7 тропикийн шөнө бүртгэгдэж байжээ.

Гэтэл энэ оны долдугаар сард гурав дахин нэмэгдэж, 8.8 хүрсэн байна.

Зөвхөн нийслэл Сөүл хот дангаараа 11 ийм шөнийг үзжээ.

Ганвон мужийн Ганнүн хотод шөнийн агаарын температур Цельсийн 30 хэм давдаг “ultra-tropical night” хэмээх цаг уурын онцгой үзэгдэл гурван удаа тохиосон байна.

Өмнө нь тус хотод 2008, 2017 онуудад хоёрхон удаа ийм үзэгдэл ажиглагдаж байжээ.

Халуун орны шөнө наймдугаар сард ч үргэлжлэх төлөвтэй байна. Баасан гарагийн шөнө агаарын температур Сөүл хотод Цельсийн 28.2, Ганнүн хотод 31.4 хэм байжээ.

Өнөөдөр Өмнөд Солонгосын засаг захиргааны 183 нэгжийн 180-д нь агаарын хэт халалт үргэлжилж, ер бусын халуун зун болж байгаа.

Зөвхөн Инчон хотын Онжин дүүрэг, Баруун тэнгисийн таван арал, Жэжү арлын уулархаг хэсэгт л хэт халалтын түвшин зарлагдаагүй байна.

Энэ оны тавдугаар сарын 20-ноос долдугаар сарын 31 хүртэл хугацаанд Өмнөд Солонгос даяар 1,195 хүн агаарын халалттай холбоотой шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын Дотоод хэрэг, Аюулаас хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 1,208 тохиолдолтой ойролцоо байна.

Агаарын хэт халалт хөдөө аж ахуйн салбарт бас их хэмжээний хохирол учруулжээ. Зургаадугаар сарын 11-нээс наймдугаар сарын нэгэн хүртэл хугацаанд Өмнөд Солонгосын фермүүдэд 20,000 орчим гахай, 230,670 орчим шувуу агаарын хэт халалтын улмаас хорогдсон байна.

 

Эх сурвалж: Korea Times