Уншиж байна ...

Маргааш Улаанбаатар орчимд Туул голын усны түвшин үерийн аюултай хэмжээнд хүрэх хандлагатай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн байдлаар/2024.07.29/Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг-Лүн/, зүүн хажуугийн Онон, Хэрлэн /Өндөрхаан/, Хангай нурууны араас усжих Орхон гол Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдэж, Ерөө, Туул / нийт уртын дагуудаа/, Сөгнөгөр, Эг, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Сэлэнгэ / Зүүнбүрэн- Сүхбаатар/ зэрэг голууд үерийн түвшнийг 5-50 см-ээр давжээ.

Харин Туул /Лүн/, Хурх, Балж, Онон, Улз, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшнийг 10-70 см даван хүчтэй үерлэж байгааг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

зураг
 

Алтайн нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшнийг 5-10 см давсан хэвээр.

Маргааш буюу долдугаар сарын 30-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинд дөхөн үерлэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг байнга, онцгой анхаарч байхыг санууллаа.

Өнгөрсөн долоо хоногт Хэнтийн Өмнөдэлгэр, Батширээт, Цэнхэрмандал, Дорнодын Баян-Уул, Баяндун, Төв аймгийн Мөнгөнморьт суманд бороо хамгийн их оржээ.