Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус XXII хуралдаанаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэв.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн хүрээнд 5,600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болгож, Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжих юм.
Мөн жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо бий болгоход дэмжлэг үзүүлэн ажиллана. Хамгийн гол нь арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасна. Мөн арьс ширний экспортын хэмжээ өсөх үр өгөөжтэй төсөл юм.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ. Мөн Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөлттэй уялдуулан дахин төлөвлөж оршин суугчид, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй, ногоон байгууламж бүхий, нийгмийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн тохилог орчин бий болно хэмээн тооцож буй.
НИТХ-аас өнгөрсөн онд тус паркийн ТЭЗҮ-г баталсан. Одоо хэлэлцэж буй шинэчлэлийн хувьд төслийн талбайн урд 500 айлын газар олгогдсон байгаа бөгөөд энэ хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх юм. Мөн хог хаягдлыг ангилах ялгах, паркийн эрчим хүчний хэрэглээний 24 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс шийдэх зорилгоор нарны зай хураагуурыг суурилуулахаар болсон байна.
Төсөл нийт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай байхаар батлагдсан бол дээрх нэмэлт ажлуудын хүрээнд шаардлагатай санхүүжилт өсөх тооцоог гаргажээ. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын 63 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 27 хувийг гадаадын зээл тусламжаас бүрдүүлнэ. Аж үйлдвэрийн парк төлөвлөгөөний дагуу ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 6-7 жилийн дараа бүх зардлаа нөхнө гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид танилцуулав. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж баталлаа.
Эх сурвалж: НИХ-ын ХМТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!