Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Өнөрцэцэгийн дүү: Төрийн нууцыг өгсөн хүн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай биечлэн уулзах хүсэлт тавьж байгаа талаар Төрийн ордны гадна мэдээлэл хийлээ.

Н.Өнөрцэцэгийн эгч “Манай дүүг таван хэргээр хэлмэгдүүлсэн. Түүний хоёр нь татвартай холбоотой. Өнөөдөр Монголд татвартай холбоотойгоор ял шийтгүүлсэн ганц ч хүн байдаггүй юм билээ. Дараагийн хоёр нь бусдын алдар, нэр хүндэд халдсан гэх хэрэг. Эдгээр нь Эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь хорих ял шийтгэлгүй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тав дахь нь төрийн нууц задруулсан хэрэг. Zarig.mn сайт нь 20 гаруй сэтгүүлчтэй. Тэдгээр сэтгүүлчийн ширээн дээр, шүүгээнд нь ямар материал байгааг мэдэх аргагүй. Манай Өнөрөө ажил дээрээ бараг очдоггүй байсан. Төрийн нууцтай холбоотой бичиг нь Өнөрөөгийнх биш. Эргээд шалгах юм бол учир нь олдох л юм билээ. Энэ хэргийн олон сар шалгасан. Тэгэхэд тодорхой баймаар юм. Гэтэл шууд ял оноосонд бид гомдолтой байна.

Төрийн нууц гээд байгаа бичиг ажилчдынх нь машинаас олдсон. Тэр машинд хоёр долоо хоног байсан. Гэтэл өөрт нь хамааралгүй юмыг хамаатай болгож байна.

Дүү маань хоригдоод маш хүнд байна. Би өчигдөр эргэсэн. Харахад их хэцүү байсан.

Шүүх буруу шийдвэр гаргаж, дүүг маань хэлмэгдүүлсэн. Үүнийгээ зогсоо гэж хэлмээр байна. Ард нь малчин ард байдаг гэхээр биднийг дээрэлхээд байгаа юм уу.

Төрийн гурван өндөрлөгөөс энэ хэргийг анхааралдаа аваад үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна" гэлээ. 

Н.Өнөрцэцэгийн дүү “Төрийн нууцыг өгсөн хүн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэр хүн төрийн нууцыг сэтгүүлчид дамжуулсан байтал ялгүй үлдээд, яагаад манай эгч ялтан болоод байж байгаа юм бэ. Таван зүйл ангиар ялласны нэг нь хувь хүний нууц задруулсан гэдэг зүйл анги. Алуурчны талаар яагаад ард түмэн мэдэж болохгүй гэж. Хүүхэд хөнөөсөн алуурчны мэдээллийг ил болгосон сэтгүүлч яагаад ял авч байгаа юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоогоор Б.Бат-Эрдэнийг бус тухайн үед дэд сайдаар ажиллаж байсан хүнийг шалгаж байгаа гэдэг мэдээлэл бий.

Б.Бат-Эрдэнэ нүүрсний сонсголын үеэр төрийн нууц гээд байгаа бичиг баримтыг манай сэтгүүлчид дамжуулсан. Сэтгүүлч тэр бичгийг шүүгээндээ хийсэн байсан. Өнөрөө эгчийг хоригддог орой zarig-ийн менежер тэр бичгийг бусад материалын хамт машиндаа хийсэн. Түүнээс хоёр долоо хоногийн дараа машиных нь цонх хагарчихлаа гээд өөр рүү нь залгасан. Гэтэл Өнөрөө эгчийн хэрэг дээр ажиллаж байсан Амарбаясгалан гэдэг мөрдөгч zarig-ийн менежерийн машины цонх хагарсан газарт хоёр хүнтэй оччихсон байсан. Ингээд машинд нь үзлэг хийгээд, дотор нь байсан бичиг баримтуудыг хурааж аваад явсан. Маргааш нь Амарбаясгалан кофе ууя гэж дуудангуутаа гарын үсэг зуруулаад нөгөө бичиг баримтыг хүлээн зөвшөөрүүлсэн. Ийм л юм болсон. “Төрийн нууц гээд байгаа бичиг цэнхэр хавтас дотроос гарч ирсэн. Энэ хүний шүүгээнээс авсан” гэдгээ гэрч хэлээд байхад өмгөөлөгчгүй, хуулийн мэдлэггүй сэтгүүлчийг ялласан" гэв.