Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад худалдааны тэнцэл эхний зургаан сард $2.5 тэрбумын ашигтай гарсан ч өмнөх оны мөн үеэс $772 саяар буурав

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол улс 2024 оны эхний зургаан сард нийт 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүнээс экспорт 7. 9 тэрбум ам.доллар, импорт 5.4 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

зураг
 

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.4 (12.2%) тэрбум ам. доллар, экспорт 332.7 (4.4%) сая ам.доллар, импорт 1.1 (25.9%) тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 772.4 (23.5%) сая ам.доллароор буурсан аж.

зураг
 

Экспорт 2024 оны эхний зургаан сард өмнөх оны мөн үеэс 332.7 сая ам.доллароор өсөхөд нүүрс 331.6 сая ам.доллар, зэсийн баяжмал 124.6 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 63.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин цайрын хүдэр, баяжмал 78.8 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.1 сая ам.доллароор буурсан.

Импорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 137.3 сая ам.доллар, дизелийн түлш 126.4 сая ам.доллар, ачааны автомашин 114.2 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 88.0 сая ам.доллар,цахилгаан шуудан утасны холбооны аппарат 60.8 сая ам.доллар, авто бензин 58.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

зураг
 

Гадаад худалдааны барааны нийт эргэлт: Экспорт, импортын нийлбэрээр тодорхойлно. 

Гадаад худалдааны тэнцэл: Нийт экспортоос импортыг хассан зөрүүгээр тэнцлийг тодорхойлно. Тэнцэл (-) тэмдэгтэй бол алдагдалтай, (+) тэмдэгтэй бол ашигтай гэж үзнэ.