Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын дүрвэгч Өмнөд Солонгосын дэд сайдын албан тушаалд томилогдлоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Их Британи дахь Умард Солонгосын элчин сайдын орлогч асан Тэ Ён Хо дэд сайдын статустай албан тушаалд томилогдсоныг Өмнөд Солонгосын засгийн газар Пүрэв гарагт зарлажээ.

Тэрбээр Солонгосыг нэгтгэх асуудал хариуцсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлийг тэргүүлэх юм байна.

Ингэснээр тэр Өмнөд Солонгост суурьшсан Умард Солонгосын олон мянган дүрвэгчээс хамгийн өндөр албан тушаалд хүрсэн хүн болж байгаа юм.

Одоо 62 настай Тэ Ён Хо 2016 онд Өмнөд Солонгост ирсэн байна.

Пёняны төв хэвлэл тухайн үед түүнийг “хүн хог” хэмээн нэрлэж, төрийн өмч хувьдаа завшсан гэх мэт хэд хэдэн хэрэгт буруутгаж байжээ.

Тэрбээр 2020 онд Өмнөд Солонгосын парламентын гишүүн болсон Умард Солонгосын анхны дүрвэгч болж байв.

Тэ Ён Хо энэ оны дөрөвдүгээр сард болсон парламентын ээлжит сонгуулиар дахин сонгогдож чадаагүй юм.

“Эх орноо тайван замаар, либерал ардчиллын зарчим дээр нэгтгэх, энэ үйлсэд дотоод болон гадаадын дэмжлэгийг авахад туслах боломжтой хүн гэж түүнийг үзэж байна” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгджээ.

1962 онд Пёнян хотод төрсөн Тэ 27 наснаасаа эхлэн бараг 30 жил Умард Солонгосын дипломат албанд ажилласан юм.

Тэрбээр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө Умард Солонгосоос дүрвэснээ ярьж байжээ.

Пёняны эрх баригчдын хүрээний дотоод амьдралын талаар бичсэн түүний дурсамж ном энэ онд хэвлэгдсэн юм.

Куба улс дахь БНАСАУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтан өнгөрсөн оны сүүлээр дүрвэж ирснийг Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Алба саяхан зарлаад байгаа.

Дүрвэж ирсэн 52 настай Ри Ил Кю “Пёняны дэглэмд итгэл алдарсан” тухайгаа Чосун Илбо сонинд ярьжээ.

Өнгөрсөн Ням гарагт Умард Солонгосын дүрвэгчдийн өдрийг Өмнөд Солонгос анх удаагаа тэмдэглэсэн юм. Энэ үеэр ерөнхийлөгч Юн Сүк Ёл дүрвэгчдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, дүрвэгчдийг ажилд авсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авахаа амласан байна.

 

Эх сурвалж: BBC