Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамын хамгийн нөлөө бүхий удирдагч 80 насандаа таалал төгсөв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улсын эрх баригч Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн даргаар 2011 оноос хойш ажиллаж байсан Нуэн Фу Чон нас барсныг тус улсын төв хэвлэл Баасан гарагт зарлажээ.

Тэрбээр энэ жил 80 нас хүрээд байсан юм.

Коммунист дэглэмтэй Вьетнам улсад эрх баригч намын тэргүүн хамгийн өндөр албан тушаалтан болдог.

Нас барахынхаа өмнөх өдөр буюу Пүрэв гарагт эрүүл мэндийн шалтгаанаар Нуэн Фу Чон ажил үүргээ тус улсын ерөнхийлөгч То Ламд шилжүүлснээ зарлаж байжээ.

Вьетнамын төрийн төв хэвлэлд Чоныг “удаан хугацаанд өвдсөний эцэст” Баасан гарагийн өглөө нас барсан тухай мэдээлсэн байна.

Нуэн Фу Чон нь Вьетнам улсын эдийн засгийг эрчимтэй өсөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн удирдагч гэгддэг. Бас авлигын эсрэг тэмцлээрээ алдаршсан юм.

Чон хамгийн сүүлд зургаадугаар сарын сүүлээр Вьетнамд айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж байжээ.

Гэвч тэр үеэс хойш хэд хэдэн удаагийн албан ёсны арга хэмжээнд оролцолгүй алгассан юм.

Нуэн Фу Чоны эрүүл мэндтэй холбоотой цуурхал сүүлийн жилүүдэд тасраагүй байна.

2018 онд Вьетнам улс төрийн өндөр албан тушаалтнуудын эрүүл мэндийн мэдээллийг төрийн нууцад хамруулах хуультай болсон юм. 2019 онд түүнийг цус харвасан тухай цуурхал тарж байв.

Чоны засаглалын жилүүдэд Вьетнамын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр гаруй дахин өсөж, Өрнөдийн болон Азийн хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны гэрээ байгуулж, АНУ-тай харилцаагаа өргөжүүлсэн юм.

Тэр бас Коммунист Намын цэвэр, ариун байдалд онцгой анхаарал тавьдаг нэгэн байв.

Намын нэр хүнд цэвэр, ард түмний итгэлийг алдахгүй бол Вьетнамыг дахин мянган жил удирдах боломжтой гэж Чон нэг удаа хэлж байжээ.

Түүний зарласан авлигын эсрэг тэмцлийн хүрээнд нийт 200,000 орчим албан тушаалтан ямар нэг шийтгэл хүлээсэн байна.

Нөгөө талаар тэр хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг хаан боож, сөрөг үзэл бодлыг дарангуйлдаг хэмээн шүүмжлүүлж байв.

“Түүний үхэл нэг эриний төгсгөл юм. Хуучин цагийн коммунизм, эсвэл социализмын аль нэг хувилбар байхгүй боллоо. Дараа нь юу болохыг урьдчилан тааварлахад маш хэцүү болж байна. Тогтолцоо хэвээр байгаа ч үзэл суртлын орон зай хоосорч байна” гэж BBC Вьетнамын эрхлэгч асан Жиан Нуэн ярьжээ.

 

Эх сурвалж: BBC