Япон даяар коронавирусийн халдварын шинэ тохиолдол 10 дахь долоо хоногтоо дараалан өссөнийг тус улсын эрүүл мэндийн яам Баасан гарагт мэдээлжээ.
Долдугаар сарын 14-нийг хүртэлх долоо хоногийн хугацаанд Японы 5,000 орчим эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгдсэн өвчлөлийн тоо өмнөх долоо хоногоосоо 1.39 дахин өсөж, нийт 55,072 хүрсэн байна.
Өнгөрсөн хавраас хойш шинэ коронавирусийн Omicron JN.1 омгоос гаралтай KP.3 хувилбар халдварын тархалтад давамгайлж байгаа юм.
KP.3 хувилбар нь халдварлах чадвар өндөртэй, вакцин болон өвчлөлөөс тогтсон дархлааг нэвтлэх чадвар сайтайг Токиогийн Их сургуулийн судлаачид тогтоосон байна.
“Япон улсад Covid-19 өвчлөлийн 11 дэх давлагаа эхэлсэн байх өндөр магадлалтай байна. Энэ үед халдвар авахаас болон тараахаас урьдчилан сэргийлэх нь чухал юм” гэж Японы Халдварт Өвчин Судлалын Холбооны тэргүүн, Кэйогийн Их сургуулийн профессор Наоки Хасегава мэдэгджээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!