Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхэнд хамгийн томд тооцогдох технологийн саатал тохиов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Компьютерын программын алдааны улмаас Баасан гарагт дэлхийн олон улс оронд бизнесүүд, үйлчилгээнүүд саатаж, олон зуун сая хүнийг хамарсан эмх замбараагүй байдал үүсжээ.

Кибер аюулгүй байдлын Crowdstrike компани программаа шинэчлэхэд алдаа гарсан нь Майкрософтын Windows системийг хэрэглэдэг бүх компьютерууд, системүүдэд нөлөөлсөн юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал уучлал гуйж, алдаа засагдсаныг зарласан ч үйл ажиллагааны тасалдал хэдэн өдөр үргэлжилж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн байна.

Агаарын тээврийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, эмнэлгүүдэд Crowdstrike компанийн алдаатай холбоотой үйл ажиллагааны саатал үүссэн юм.

Үүний улмаас нисэх буудлуудад зорчигчдын урт дараалал үүсэж, нислэгүүд саатаж, тийзийг гараар бичиж байв. Эх сурвалжийн мэдээлснээр Баасан гарагт дэлхий даяар 4,000 орчим нислэг саатжээ.

Их Британи, Израил, Герман улсуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрэн зогссон байна.

Дэлхий нийт цөөхөн хэдхэн компанийн системээс хамааралтай болсон нь эндээс харагджээ.

Crowdstrike компанийн гүйцэтгэх захирал Жорж Курц “Бид өөрийн үйлчлүүлэгчид, аялагчид, ер нь энэ алдаанаас хохирсон хүн бүрээс чин сэтгэлийн уучлалт гуйж байна. Компьютерээ унтрааж, системийг дахин ажиллуулсны дараа алдаа засагдах болно. Зарим системүүд автоматаар сэргэж чадахгүй байх магадлалтай ч бид үйлчлүүлэгч бүрийнхээ системийг бүрэн сэргээхийн төлөө ажиллах болно” гэж Х хуудсаараа мэдэгдсэн байна.

Майкрософт компаниас гаргасан мэдэгдэлд систем бүрэн сэргэхийн тулд хэд хэдэн удаа унтрааж, асаах шаардлага гарч болзошгүйг анхааруулжээ.

Зарим хэрэглэгчид компьютерээ 15 удаа унтрааж, асаасны дараа хэвийн болсон талаар мэдээлж байна.

Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг мэргэжилтнүүдийн нэг Трой Хант “Ингэж хэлэхэд эртдэхгүй гэж би бодож байна. Энэ бол түүхэнд гарсан хамгийн том технологийн саатал” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Баасан гарагт Crowdstrike компанийн хувьцааны ханш хөрөнгийн зах зээл дээр 12 орчим хувиар унасан бол түүний гол өрсөлдөгчид болох SentinelOne, Palo Alto Networks компаниудын хувьцааны ханш эсрэгээрээ өссөн юм.

 

Эх сурвалж: BBC